Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой

img

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгад хөндлөнгийн хяналт тавьж буй Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяа,ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор  Г.Чулуунбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа хэлэхдээ, 1992 онд баталсан, эдүгээ үйлчилж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх асуудлаар анхдугаар зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтад Зөвлөлдөх зөвлөл анхнаас нь оролцож байгаа. Тухайлбал, УИХ-аас тогтоосон зургаан сэдвийн хүрээнд нийт санал асуулгад оролцогчдод хүргэх мэдээлэл бэлтгүүлэх, түүнийг хянах асуудлыг хариуцаж ажилласан.

 

Өнөөдөр хоёр дахь шатанд нийт санал асуулгад оролцсон 1570 хүний тэн хагас орчим нь буюу 735 хүн оролцож байна.  Эдгээр хүмүүс тус бүр 15 хүнтэй 49 хэсэгт хуваагдаж, УИХ-ын тогтоолоор баталсан сэдвийн хүрээнд өөр хоорондоо ярилцан, санал бодлоо солилцож, шинжээчдэд тавих асуултаа гаргаж, тодруулж байна. Энэ үйл ажиллагааг Зөвлөлдөх зөвлөлийн найман гишүүн анхааралтай ажиглаж байгаа. Бид ямар шалгуураар ажиглалт явуулах вэ гэсэн тодорхой шалгуур гаргасан. Тухайлбал, нөлөөнд автагдаж байна уу, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна уу, зохион байгуулалт, идэвх хэр зэрэг байна гэх зэрэг арван шалгуурын хүрээнд ажиглалт хийж байгаа.

 

Эхний сэдвийн хүрээнд буюу “Төрийн эрх мэдлийн хоорондын тэнцэл-хяналтыг хангах” гэсэн асуудлаар оролцогчид мэдээлэл авсныхаа дараа хэсэгт хуваагдаж хэлэлцүүлэг өрнүүлээд, үргэлжлэн явагдсан нэгдсэн хуралдаанаар үзэл бодлоо илэрхийлэн асуусан асуултад нь шинжээчид хариулт өгсөн. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд бид энэ бүхнийг ажиглаад шинжээчид байр сууриа илэрхийлэхдээ эерэг болон сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой юм байна гэдгийг зохион байгуулагч, удирдаж байгаа УИХ-ын гишүүдэд анхааруулсан.

 

Одоо 2, 4 дүгээр сэдвийг хэлэлцэх гэж байна. Тухайлбал, “Ерөнхийлөгчийн эрх хэмжээг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”  асуудлыг хөндөж ярилцана. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, оролцогчдод мэдээлэл хийсэн гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ард түмнээсээ асуух хэрэгтэй,энэ хэдэн хүн төлөөлөл болж чадахгүй шүү дээ
2017-04-30
Зочин:
Чулуунбатыг могойд барьдаг бод болгож эцсийн харуйцлагыг хэн хулээхийг мэдэж байж ийм юманд оролцоо
2017-04-29
Зочин:
Ард нийтийн санал асуулга явуулаач ээ,ингэж халтуурдаж болохгүй шүү
2017-04-29