Сонгогдсон төлөөлөгчид санал асуулгын хуудас бөглөлөө

img

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулсан анхдугаар Зөвлөлдөх санал асуулгад оролцсон төлөөлөгчид хоёр өдрийн турш нийт зургаан сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, экспертүүдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм. 

 

“Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, "Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох", "Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх", "Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх", "Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах", "Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх" зэрэг нийт зургаан сэдвийн хүрээнд тодорхой мэдлэг мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсний дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулгын хуудсыг бөглөлөө. 

 

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал “Үндэсний статистикийн хорооны 91 тоологч өнөөдөртөө багтаж санал асуулгын хуудсыг таблет дээр шивж, электрон хэлбэрт оруулна. Хуулийн хүрээнд 2017 оны тавдугаар сарын 05-ны дотор санал асуулгын нэгдсэн дүнг гаргах ёстой. Харин Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж гаргаж, УИХ-д танилцуулна” гэлээ.

 

Санал асуулга найман хуудастай, 80 асуултаас бүрдэж байгаа бөгөөд асуулгын хариултад иргэд “дэмжихгүй байна”, “дэмжиж байна” эсвэл “хүчтэй эсэргүүцэж байна” гэх хариултыг сонгох ба хэр эсэргүүцэж байгаа эсвэл дэмжиж байгаагаа 0-10 хүртэлх тоогоор тодорхойлж өгөх юм байна. Тодруулбал, дэмжиж буйгаа тав гэсэн тоогоор илэрхийлвэл дунд зэрэг дэмжиж байна, тэгийг сонгосон бол огт дэмжихгүй байна гэсэн санаа юм хэмээн Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал тайлбарлан хэлсэн. Түүнчлэн санал асуулгын хуудас дахь хариултуудад "Мэдэхгүй" гэсэн сонголт ч бий ажээ. 

 

Үндэсний статистикийн хорооноос 91 тоологч ажиллаж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ