Түдгэлзүүлсэн “Эрдэнэт”

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг Засгийн газрын шийдвэрийн дагуу ТӨБЗГ-аас өөрчилсөн. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийг төр 100 хувь мэдэлдээ авсны дагуу ТУЗ-д төлөөлж байсан 49 хувийн хувьцаа эзэмшигчдийг хасч, шинээр томилогоо явуулсан юм. Мөн ОӨИБМУТ-өөс гэрчилгээг нь төрийн нэр дээр данслан бүртгүүлсэн.
Харин 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпориациас Чингэлтэй дүүргийн захиргаа болон иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаад байга. Хувийн хэвшлийнхэн шүүхэд гомдол мэдүүлж, хохирлоо барагдуулах нь зүйн хэрэг. Учир нь тэд төрийн шийдвэрийн өмнө хүчин мөхөсдсөн. Тэдний нэхэмжлэлийн дагуу шүүхээс “ Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан болон ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлсөн шийдвэрүүдийг түдгэлзүүлээд. байгаа аж. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэх явцад холбогдох албаны хүмүүс энэ талаар мэдээлсэн юм.
Ер нь төр, засгийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ 49 хувийнхантай хэлэлцэл хийгээгүй гэдгийг албаны хүмүүс онцолж байна лээ. Хувий хэвшлийнхэнтэй хэлэлцэл хийгээгүй хэрэгжүүлсэн арга хэмжээ нь өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ төдийгүй, улсын бүртгэлийн гэрчилгээг ч хүчин төгс бус байдалд хүргэжээ.
Үүнтэй зэрэгцээд “Эрдэнэт үйлдвэр”-ийг төр 100 хувь мэдэлдээ авсныг зарим гишүүд одоо ч эсэргүүцсэн хэвээр байгаа юм билээ. Тухайлбал гишүүн Б.Дэлгэрсайхан “Анхнаасаа би 49 хувийг төрд авахын эсрэг байсан. Шүүхийн шийдвэрийг би хууль ёсоороо зөв гарчээ гэж харж байна. Хувийн өмчийг төр булаах замаар авсан нь буруу. Төр хувийн өмчийг ингэж авч болохгүй. Шүүхийн шийдвэр гарсан хойно бүртгэл хийгдэх ёстой. Цаашдаа шүүхийн шийдвэр нэг талдаа гарвал хэлцэл хийгдэхгүй гэж ойлгогдож байна” гэсэн байр сууриа хэлж байлаа.
Эрх баригчид олонхиороо хүч түрэн, хувийн өмчийг УИХ-ын тогтоолоор булаан авсан нь буруутгасан шүүмжлэлийг олон нийт ч хүлээн зөвшөөрдөг. Харин өнөөдөр УИХ-ын тогтоолын дагуу 100 хувь шилжсэн гэх ч шинээр бүрдсэн ТУЗ хуралдах эрхгүй, шүүхийн шийдвэрийг хүлээж байгааг тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн хэлж байсан. Нэгэнтээ шүүх түдгэлзүүлсэн болохоор ТУЗ хуралдаж ямар нэг шийдвэр гаргах нь хууль бус. “Овоо босгоогүй бол шаазгай юун суух вэ” гэдэг шиг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан хувийн хэвшлийнхний хувьцааг төр булааж аваагүй бол юун шүүхийн зарга үүсэх билээ.
Нэгэнтээ шүүхээс түдгэлзүүлсэн нөхцөлд “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа доголдох уу гэдгээс эхлээд ард түмний бус төрийн өмч болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны асуудал ч хөндөгдөж байсан.
Хэрвээ шүүхийн шийдвэр хувийн хэвшлийнхний талд гарвал төр тогтоолоо эргэж харах уу, эсвэл...
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ