Энэ хаврын анхны зочин

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг өчигдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авсан.
Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүндэт зочноо жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж, тэд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Мөн хатагтай Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурав.
Одоо Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар албан ёсны хэлэлцээ хийж байна. Тэд үүний дараа харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.
Уулзалтын дараа хатагтай Данг Тхи Нгок Тхинь УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт бараалхах юм. Мөн Монгол, Вьетнамын бизнесийн ажил хэрэгч хүмүүсийн уулзалтад оролцож, Монгол, Вьетнамын Найрамдлын нийгэмлэгийн удирдлага, Монголд сурч, ажиллаж байгаа вьетнам иргэдтэйгээ уулзахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ