Хүний эрхийг дордуулсан заалтуудыг ”эргэж харна”

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Тус хуулийн төслийг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд хүний эрхийг дордуулсан хэд хэдэн заалт байгаа учраас ажлын хэсэг эргэж харах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, Засгийн газраас анх өргөн барьсан хуулийн төсөлд цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг тодорхой хэрэг дээр хориглосон байтал ажлын хэсэг цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах хэргийн зүйлчлэлийг өргөтгөсөн.
Мөрдөн шалгах нууц ажиллагаа болон прокурорын зөвшөөрөлтэй явагдсан гүйцэтгэх ажлын үр дүн болох баримт мэдээллийн талаар мөрдөгч магадлагаа үйлдэж, прокурор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана гэж өөрчлөх саналыг ажлын хэсэгт гаргаж дэмжигдсэн. Энэ нь иргэнд эрүүгийн хэрэг үүсгэхээсээ өмнө прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох боломжийг нээж өгсөн ба гүйцэтгэх ажиллагаагаар олж авсан мэдээллээ шүүх хурлын нотлох баримтын хэмжээ нд үнэлүүлэх боломжтой болгож буйг хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж байгаа аж.
Түүнчлэн сэжигтэн шүүхийн зөвшөөрөлтэйгээр баривчлах хугацааг 24 цагаас хэтэрч болохгүй байхаар Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан боловч 48 цаг болгон өөрчлөх саналыг байнгын хороо дэмжснийг эргэн харах шаардлагатай учраас ажлын хэсэгт эдгээр болон хүний эрхийг ноцтой зөрчиж буй бусад заалтуудыг өөрчлөх тухай санал оруулах нь зүйтэй хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үзлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ