Татварын орлого бүрдүүлэлт төвлөсөн хэмжээнээс давж яваа

img

Гэрэл зургийг MPA.mn

Монголын Татварын алба жилийн бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.  Энэ  жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 18 дахь удаа зохион байгуулж байгаа  нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.  Нээлтийн арга хэмжээний үеэр ТЕГ-ын дарга Л.Зоригоос зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Татварын болон  НӨАТ-ын орлого бүрдүүлэлт ямар хэмжээнд байна вэ?

 

-Улсын төсвийн 70 орчим хувийг татварын орлогоор бүрдүүлдэг. Улс болон орон нутгийн төсөвт жилд дунджаар 2 их наяд гаруй төгрөг төвлөрүүлдэг тооцоо бий. Энэ онд улсын төсөвт 1.9 их наяд, орон нутгийн төсөвт нэг тэрбум гаруй төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт 845 тэрбум төгрөг орууллаа. Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймаг улс болон орон нутгийн төсөвт хамгийн их татвар бүрдүүлдэг. Учир нь уул уурхайн үйлдвэрлэл эдгээр аймагт төвлөрсөн байдаг юм. Шинэ хууль мөрдөж эхэлснээс хойш орлого сар бүр нэмэгдэж ирсэн. Энэ оны эхний дөрвөн сард 220 гаруй тэрбум төгрөгийн татвар орсон. Урьд жилүүдэдтэй харьцуулж үзвэл 150-160 тэрбум төгрөг ордог байсан. Тэгэхээр 70-80 тэрбум төгрөгийн орлого нэмэгдээд байна. Өнгөрсөн оны дүнгээр 50 гаруй тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн тооцоо гарсан байдаг. 

 

-Эдийн засгийн нөхцөл байдлын улмаас татвар төлөгчдийн тоо цөөрсөн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

 

-Татвар төлөгчдийн тоо нэг их цөөрөөгүй. Үйл ажиллагаа явуулаагүй татвар төлөгчид өнгөрсөн онд нэлээд  байсан. Одоо эдийн засгийн байдал дээрдээд бодлого тодорхой болоод ирэхээр татвар төлөгчид үйл ажиллагаагаа сэргээж байна. Өнөөдөр бизнесүүд идэвхижиж буй дүр зураг харагдах болсон. Тухайлбал, төрөл бүрийн тусгай болон газрын зөвшөөрөл  авах, ашигт малтмалын хайгуул хийх ажлын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа юм. Мөн урин дулаан болж барилгын ажил бас эхэлж байна. Ер нь татвар төлөгчид ажлаа эхлэе, бизнесээ идвэхжүүлье гэсэн сонирхол ажиглагдах болсон.   

 

-Тэгэхээр татварын орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрч байгаа гэсэн үг үү?

 

-Төвлөсөн хэмжээнээс давж яваа. Жишээ нь, энэ оны эхний дөрвөн сарыг 2015 оныхтой харьцуулхад 340 гаруй, өнгөрсөн оныхоос 450 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм. Энэ нь бизнесийн үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байгааг илтгэж буй явдал юм.

 

-Татварын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл ямар  шатанд явна вэ?

 

-Одоо мөрдөж хуулийг 10 жил мөрдөж байна. Үүнээс хойш улс орны нийгэм, эдийн засаг, амьдрал өөрчлөгдсөн. Ийм учраас татварын хуулиудыг шинэчлэх ажил эхэлж байгаа. Оны эхнээс ажлын хэсэг гарч Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулиудыг шинэчлэн найруулах, НӨАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татварт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд боловсрууллаа. Одоо үүнийг Сангийн яаманд өргөн барьж байна. Уг хуулийн төслийг Сангийн яам олон нийтээр хэлэлцүүлэх, санал солилцох үүрэгтэй. Ингээд аравдугаар сард УИХ-д  2018 оны улсын төсвийн тухай хуулийн хамт өргөн барих төлөвлөгөө бий.

 

-Татварын байцаагч аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадагт татвар төлөгчид таагүй ханддаг. Энэ талаар  хуулийн төсөлд тусгасан болов уу?

 

 -Аль болохоор бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулахгүй татварын өр төлбөрийг барагдуулдаг аргад шилжих зорилт тавьж байгаа. Данс хаадаг нь ядарсан арга л даа. Өнөөдөр татвараа төлөхгүй гурав, зургаан сар болоход дансыг нь хааж мөнгө орж ирвэл түүнийг нь өрөнд суутгадаг. Олон улсад татвар төлөгчидийг төлж буй мөнгөнийх нь хувь хэмжээгээр ангилсан систем ашигладаг. Үүнийг хэрэглэнэ. Жишээ нь бичил, жижиг бизнес эрхлэгчид татвар төлдөг системтэй. Дунд хэмжээнийх арай өөр томоохон хэмжээний татвар төлөгч нь бас тусдаа тайлан, хяналт шалгалтын системтэй байна. Тухайлбал, бичил жижиг бизнес эрхлэгчид улирал бүр бус жилд нэг удаа татварын албант тайлан гаргаж өгдөг болно гэсэн үг. Одоогийн хуулиар том, жижиг ялгаагүй улирал болгон тайлан гаргадаг. Мөн НӨАТ-ын тайланг сар бүр гаргаж өгдөг нэг загвартай юм. Үүнийг тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, орлого зэргийг харгалзан үзэж  ялгаатай болгох ёстой. 

 

-Арилжааны банкны хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах, мөн автомашины ОАТ нэмэгдсэн. Хэр хэмжээний мөнгө төсөвт төвлөрнө гэж тооцоолж байна вэ?

 

-Хувь хүний орлогын албан татварын заалт тавдугаар сарын 01-нээс хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ хугацаанаас эхлээд иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авна гэсэн үг. Бидний өмнө нь тооцож байснаас уг хуулийг дөрөвдүгээр сарын 01-нээс мөрдөхөд 43 тэрбум төгрөгийн татвар орно гэж байсан. Одоо нийслэлийн төсөвт 40 орчим тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарсан. Хадгаламжийн хүүгийн орлогын татвар бол орон нутгийн төсөвт орох юм. Арилжааны банкуудтай хамтарч ажиллах ёстой. Одоогоор хамтран ажиллах гэрээгээ байгуулж байна. Одоо хоёр, гурван банк дутуу байгаа. Банкууд иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогыг тусгай дансанд бүртгэж түүнээс 10 хувийг нь орон нутгийн татварт төлөх үүрэгтэй.  Энд нэг зүйл онцолж хэлэхэд оны эхний дөрвөн сарын хадгаламжийн хүүгээс татвар авахгүй. Харин тавдугаар сарын 01-30 хүртэл хэдэн төгрөгийн хүүгийн орлого орж байна, түүнээс татвар авч эхэлнэ. Хадгаламжийн хугацаа нь гурван сар бол гурван сарын дараа, жилийнх бол оны эцэст авна. Мөн хугацаагүй хадгаламж бол сар бүр татвар бодож авах юм.

 

Автомашины онцгой албан татварыг гаалийн байгууллага хариуцах ёстой. Зарчмын хувьд үйлдвэрлэснээс хойш олон жил буюу 10-аас дээж жил болсон цилдинрийн багтаамж өндөр шатахуун их зарцуулдаг жип авто машины татвар ихээхэн нэмэгдсэн. Ийм учраас шатахуун бага зарцуулдаг экологид сөрөг нөлөөгүй, он залуу авто машин импортлохыг дэмжсэн бодлого гэж ойлгож болно.  

 

-Татвар төлөгчдийн өдрүүдээр ямар ямар ажил өрнүүлэх вэ?

 

-Энэ онд НӨАТ-ын хуулийг сурталчилна. Мөн шилдэг татвар төлөгчдөө шагнаж урамшуулах, үйл ажиллагааг сурталчилах ажил хийнэ. Бас ирээдүйн татвар төлөгчдөд зориулсан хичээл заана. Тухайлбал, ЕБС-ын ахлах ангийн сурагчдад татварын хууль тогтоомжийн талаар хичээл орно. Цаашид ЕБС-ын сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн хичээл оруулах төлөвлөгөө бий. Татварын 32 албатай. Тэд аж ахуйн нэгжүүдийг хууль хэрхэн биелүүлж байгаа болон өр төлбөрийг нь харж шилдэг татвар төлөгчдийг тодруулдаг. Жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр, “Оюу толгой” зэрэг томоохон 10 татвар төлөгч шилдэгээр шалгарсан. Нийслэлийн дүүрэг, бүх аймаг бүр шилдэг таван татвар төлөгчөө тодрууллаа.  Ингээд улсын хэмжээнд 99 шилдэг татвар төлөгч тодорсон. Үүнд том жижиг, татвар төлсөн хувь хэмжээ харгалзахгүй шалгарч байгаа.   

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
IIMERHUU OLON JIL TATVART DARGA HIISEN AVILGACHIN TCARAILSAN YMNUUD IIG ZAILUULAHAD YADAG BAINA AA.ILUU BOLOVSROLTOI ZALUUCHUUDIIG TAVIHAD YADAG BAINA AA
2017-05-08
Зочин:
авах ёстой хүмүүсээс авахгүй хоолны мөнгөө хүргэж ядаж байгаа хүмүүсээс авах юм даа
2017-05-08
Зочин:
Яасан ... Авилгалч хулгайч ,оффшорчидын идсэнийг ард түмнийхээ халааснаас сэгсэрч авчихаад ажил хийсэн болж үзэгдэх тийм их сайхан уу.
2017-05-08
zochin:
tatvariin butsaan olgoltiin uldsen hesgiig hezee olgoh ve
2017-05-08
зочин:
Татварын орлого бүрдүүлэлт төлөвлөсөн хэмжээнээс давахгүй яадгийн МАН амлалтаасаа буцан ард түмнээсээ дээрэмдэж байгаа биз дэ тэхээр татвар давж л таараа ш дэ та нар эртэй сайндаа сайн ажиллаад даваад байгаа юм биш ард түмний хөлс хүч мэд ү
2017-05-08
зочин:
Татварын орлого бүрдүүлэлт төлөвлөсөн хэмжээнээс давахгүй яадгийн МАН амлалтаасаа буцан ард түмнээсээ дээрэмдэж байгаа биз дэ тэхээр татвар давж л таараа ш дэ та нар эртэй сайндаа сайн ажиллаад даваад байгаа юм биш ард түмний хөлс хүч мэд ү
2017-05-08
зочин:
Татварын орлого бүрдүүлэлт төлөвлөсөн хэмжээнээс давахгүй яадгийн МАН амлалтаасаа буцан ард түмнээсээ дээрэмдэж байгаа биз дэ тэхээр татвар давж л таараа ш дэ та нар эртэй сайндаа сайн ажиллаад даваад байгаа юм биш ард түмний хөлс хүч мэд ү
2017-05-08