“Жи тайм”-ын Ж.Маратын биеийн байдал мууджээ

Улсын мөрдөн байцаах газраас Казакстан улсын “Жи тайм” сүлжээний захирал Ж.Маратыг өнгөрөгч хоёрдугаар сараас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг өнгөрсөн хугацаанд ШШГЕГ-ын харъяа хорих 461-р ангид саатуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол энэ сарын 7-ны өдөр Ж.Маратын биеийн байдал муудаж яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэн иржээ. Ж.Марат нь хоригдож байх хугацаандаа эрүүл мэндийн байдал эрс муудсан гэх ба Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэн ирж, зүрхний үйл ажиллагаа дэмжих эрчимт эмчилгээ хийлгэжээ. Түүний биеийн байдал тогтворжсон хэдий ч эрүүл мэнд нь сайжраагүй учир хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. М.Маратыг “Жи Тайм” компаниар дамжуулан мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Улмаар М.Маратыг хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм.
Т.ДАЛАЙ
Эх сурвалж:www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ