Н.Энхбаяраас бусдыг нь бүртгэнэ

СЕХ өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг хэлэлцсэн. Хуралдаанаар парламентад суудалтай гурван намаас нэр дэвшихээр бичиг баримтаа хүлээлгэн өгсөн эрхмүүдийн хоёрыг нь бүртгэхээр болсон байна.
Өөрөөр хэлбэл, МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын экс гишүүн Х.Баттулга нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээр болсон байна.
Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй гэж үзжээ. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг нэр дэвшихээр бүрдүүлсэн зарим материал дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзжээ.
ЦЕГ-ын тодорхойлолтоор Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй гэж үзэж буй. Учир нь Н.Энхбаяр 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзжээ.
Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд тухайн нам тавдугаар сарын 17-ны дотор нөхөн нэр дэвшүүлэх заалттай. Тиймээс МАХН-аас Н.Энхбаярыг оронд өөр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх боломжтой юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ