Н.Энхбаярын сонголт ба О.Баасанхүүгийн “дайн”

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорлоо. МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар гэсэн гурван эрхэм Монгол Улсын төрийн тэргүүний төлөө өрсөлдөхөөр болов.
Улс төрийн гурав дахь хүчин болох МАХН-ын сонголт нэлээд сунжирсан ч хуулийн хугацаанд багтаж, нэр дэвшигчээ Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүллээ. Өөрийгөө зүтгүүлээд бараагүй Н.Энхбаяр дараагийн хувилбараараа УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэрлэв. 2016 оны УИХ-ын сонгуульд өөрийнхөө оронд эхнэр О.Цолмонгоо “сойж” сонгууль алгасаагүй Н.Энхбаярын С.Ганбаатар гэх сонголт Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг нь атгаж буй ганц дайчин О.Баасанхүүг нь нэлээд бухимдуулав.
О.Баасанхүү нэр дэвшигч тодронгуут сонгуулийн төв байгууллагад өөрийн албан бланкаар мэдэгдэл хүргүүлж, эцсээ хүртэл эсэргүүцэхээ мэдэгдсэн. Мөн тэрбээр намаасаа гарна хэмээн Н.Энхбаярыг айлгахаа ч мартсангүй. О.Баасанхүү гавьяат хуульч С.Нарангэрэлийг нэр дэвшүүлэхээр зэхэж байсан ч намынхан нь түүний саналыг дэмжсэнгүй. Тиймээс парламентын ганц суудлаараа түрүү барин “том” дуугарлаа. Ингэхдээ МАХН-ынхан миний саналыг үл хүндэтгэж, дэмжихгүй гэдгээ илэрхийлсээр байхад С.Ганбаатарыг нэр дэвшүүлж, намайг намаасаа гаргахад хүргэлээ хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.
Намын даргадаа гомдлын хатуухан үг чулуудсаар ирсэн О.Баасанхүүд энэ том шалтиг болохыг үгүйсгэхгүй. Намаасаа гарч, МАХН-ыг парламентад суудалгүй болгон боомилох эрх түүнд бий. Гэхдээ хэний нүүрээр хоёр ч парламентын зөөлөн суудалд заларч буйгаа бодолцох нь ойлгомжтой биз.
Энэ хооронд С.Ганбаатар СЕХ-нд бүртгүүлж, албан ёсоор баталгаажуулахыг хүлээж сууна. Парламентын дөрвөн жилд төрөө хүндэтгэж байна хэмээн зогсч үгээ хэлэн "Босоо Ганбаа" гэсэн нэртэй болсон эл эрхмийн гол зорилго нь МАНАН-г ялах гэнэ. Тэрбээр “Монголын ард түмнийг маш олон жил зовоосон МАНАН-гийн түнэр харанхуйд нар мандах болно. МАХН ялна” хэмээн итгэл төгс байна. Өөрөөр хэлбэл М.Энхболд, Х.Баттулга нарыг ялна гэж мэдэгдэв.
Сонгуулийн төв байгууллага С.Ганбаатарыг баталгаажуулж, нэр дэвших эрхийг албан ёсоор өгвөл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц сонирхолтой өрнөх нь мэдээж. Төрийн эрхийг атгаж буй МАН, түүний хүчтэй өрсөлдөгч АН дээр нь гандан буурашгүй МАХН.
Н.Энхбаярын нэр нүүрээр бамбай хийх С.Ганбаатар чамгүй хүчтэй өрсөлдөгч болно. Тэр ялагч биш байлаа гэхэд түүнд санал хуваах чадал бий.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ