“Оюутолгой”-гоос хүртэх ашиг улам алсраад байна

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсов. “Эрдэнэс Монгол” компанийн захирал н.Түмэнцогт үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Нийт групп компанийн орлого 1.4 их наяд төгрөг гэж ойлгож болох уу? Алдагдалтай ажилладаг гол шалтгаан юу вэ? Хичнээн ажиллагсадтай вэ? Дотоодын аж ахуй нэгжийг яаж дэмжиж байна вэ? Нүүрсний гэрээ хийнэ гэсэн маш олон хүн байдаг гэсэн мөртлөө алдагдалтай ажиллаад байна гэх юм. Ирээдүйд нүүрсний хэрэглээ бууна гэж байна. Нүүрсний үнэлгээ хэд вэ?
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт:
-Манай компанийн үнэлгээг хийгээгүй байгаа. Дотоодын худалдан авалтыг Багануур, Шивээ-Овоо дээр хийж байгаа. Алдагдлын хувьд урт хугацааны өр төлбөртэй холбоотой. “Эрдэнэс Тавантолгой” гэхэд Хүний хөгжлийн сангийн мөнгө, Хөгжлийн банк зэрэгт өр төлбөр байгаа. “Оюутолгой” компанийн хувьд 10 мянган ажиллагсадтай.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд:
-Манай компани нэгдүгээр улирлын байдлаар 80 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Улсын төсөвт 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Хоёрдугаар улиралд үнэ зохицох ажлын хэсэг ажиллаж байна. “Чалко” компаниас баг ирсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 73.5 ам.доллараар нүүрсээ борлуулж байна. Худалдан авах санал тавьсан бүхэнд зарж байгаа. Гэрээ хийж байгаа хүн барьцааны мөнгө болон урьдчилгаа мөнгөө өгч байгаа. Манай компанийн хувьд Хүний хөгжил санд тавьсан 235 сая ам.долларын өртэй байгаа. Хувьцаа эзэмшигчдэд энэ жил ногдол ашиг өгч чадахгүй. Хувьцаа эзэмшигчдийн бүртгэл дуусаагүй байгаа юм.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Г.Ганболд:
-“Эрдэнэс Монгол”-ын хувьд 2.4 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Азийн хөгжлийн банкны төслөөр үнэлгээ хийлгэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар эксперт хийлгэх компанийг сонгож байна. 2018 онд нийт группын хэмжээнд үнэлгээ хийж дуусна. 1.4 их наяд төгрөгийн өр төлбөр байгаа. Төлбөрийг яаж барагдуулах талаар ажлын хэсэг гарган ажиллаж байна.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Б.Мөнхбаатар:
-Далд уурхайн бүтээн байгуулалтад 2500 ажилтан байгааа. 90 гаруй хувь нь Монгол ажилчид. Ер нь Оюутолгой компани далд уурхайд ажиллаж байгаа монгол ажилчдыг сургаж, бэлтгэж байгаа. Оюутолгой Өмнөговь аймгийн хөгжилд хотжих асуудал явагдаж байна. 6 жилийн өмнө Ханбогд 2000 хүнтай манай улсын алслагдсан сум байсан. Өнөөдөр дэд бүтцийн асуудал нь шийдэгдсэн, 30 хүн амтай байхаар төлөвлөгдсөн. Одоо 6000 хүн амьдарч байгаа. Ханбогдын ерөнхий төлөвлөгөөг БХБЯ гаргасан. Дэд бүтэц бий болохын хэрээр Ханбогдод орон сууц барих асуудал яригдаж байна. Оюутолгой болон Засгийн газар, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтарч ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Энэ компани бол хөрөнгийн менежментийн компани. Монголын баялаг дээр менежмент хийх байгаа компани. Монголын 3 сая иргэний хувьцааг эзэмшиж байгаа. Гэтэл өнөөдөр компанийн үнэлгээг мэдэхгүй удирдлага ирээд сууж байгаад харамсаж, гутарч байна. Яаж та нар энэ компанийг удирдаж байгаа юм. Өөрсдөөсөө ичих хэрэгтэй. “Эрдэнэс Монгол”-ын толгой компани гээд бүгдээрээ давхацсан бүтэцтэй. 3 сая хувьцаа эзэмшигчийн өмнөөс хэд хэдэн асуулт асууя.
1072 хувьцааны үнэлгээ хэд вэ? Эрдэнэс Монгол компанийн нэг ширхэг хувьцааны үнэ хэд вэ? “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэг ширхэг хувьцааны үнэлгээ хэд вэ, өр хэд вэ? “Оюутолгой” компанийн 34 хувийг бид зээлээр авсан. Хэдий хэмжээний зээл үлдээд байна. Өр нь хэд вэ? “Эрдэнэс Монгол” ашигтай ажиллах эсэхээс Монголын эдийн засаг өсөх үү, үгүй юу гэдэг шийдэгдэнэ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт:
-Ер нь үнэлгээ хийгдээгүй байсан юм билээ. Тиймээс үнэлгээ хийлгэхээр бэлтгэл ажил явагдаж байна. Зөвхөн бизнесийн биш ордын үнэлгээ хийлгэнэ. “Эрдэнэс Монгол” компанийг хөрөнгийн менежментийн компани гэж харж байгаа. Бүтэц зохион байгуулалтын давхардал байгаа нь үнэн. Энэ бүтцийг гаднын зөвлөхүүдийн тусламжтайгаар олон улсын жишигт нийцсэн компани болгохоор ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд:
-Тавантолгойн ордыг бүхлээр нь үнэлээгүй. Баримжаагаар 11.4 их наяд төгрөгийн үнэлгээ хийгдэхээр байгаа. Бид тендэр зарлаж, үнэлгээгээ хийлгэнэ. Бид нүүрсээ угааж гаргах талаар ажиллаж байгаа. Зарим газарт санал тавьсан. Одоохондоо түүхийгээр нь нүүрсээ гаргаж байгаа.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Б.Мөнхбаатар:
-Монголын Засгийн газар 1 тэрбум ам.долларын өр тавьсан. 2032 оноос ноогдол ашгаа авна гэж тооцож байгаа. Гэхдээ өр, зээл байгаа учир буцааж төлөх замаар асуудлыг шийднэ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-“Оюутолгой”-гоос ашиг хүртэх нь улам алсраад байна. 34 хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүд байдаг. Төрийг төлөөлж байгаа гишүүдийн дуу хоолой сонсогдохгүй юм. 1072 хувьцаа хэзээ амь орох юм бэ?
“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Б.Мөнхбаатар:
-Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг болон татвараар ашиг хүртэхээр гэрээнд заасан. Том хэмжээний бүтээн байгуулалт учир их хэмжээний хөрөнгө орж байгаа. Оюутолгой татвар төлөлтөөрөө тэргүүлдэг. Төсөл ашигтай ажилласны дараа ногдол ашгаа бодох юм. Оюутолгойн төслөөс 2500 хүн ажиллаж, цалин авч байгаа. 300 гаруй сая ам.долларын зээлийг 400 гаруй компани авсан байдаг. Өнөөдөртөө бид татвар төлөлт болон цалингийн хувьд ашиг хүртэж байгаа. Далд уурхайн ажилчдын 90 хувь нь монгол залуучууд. Монгол залуучууд ажиллах урам зоригтой, хурдан суралцдаг гэж “Риотинто” үнэлж байгаа. “Оюутолгой” төсөл улстөржилт ихтэй. Эрсдлийг нь тооцох ёстой.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Д.Ариунболд:
-1072 хувьцааны хувьд бүртгэл явагдаж байгаа. Асуудлыг ул суурьтай хэлэлцэж шийднэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ