УИХ-ын гишүүн С.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр УИХ-д шаардах бичиг хүргүүлсэн аж. Уг шаардлагын хариуг өгөхгүй байгаа тул ажил хаялт зарлаж, хуралд суухгүй байгаа гэдгээ тайлбарлав.
УИХ-ын гишүүн С.Жавхлан дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудалтай намын дарга нарт шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад:
УИХ-ын дарга М.Энхболд танаа УИХ-д олонхийн суудал бүхий танай намд дор дурьдсан шаардлагыг хүргүүлж байна.
Эдгээр шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор ирүүлээгүй тохиолдолд шаардлагын хариуг иртэл Байнгын хороодын хурал болон УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй болохоо мэдэгдсэн аж. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй аж.
УИХ-ын гишүүн С.Жавхлан “Намайг нохой хуцсан чинээ тоохгүй байна. Хүний олон хүнээ барьдаггүй гэдэг. Гэтэл барьдаг болчихсон цаг болж. С.Жавхлан нэлээдгүй олон хүний санал авч, түмэн олны итгэлийг дааж, төрөө цэвэрлэхээр энд суусан. Гэтэл үнэхээр намайг хүн гэж тоохгүй байна. Мөнгө хүчтэй юм байна. Монголд сайн сайхан цаг ирээсэй, Монголд үнэн зөв амьдралыг бий болгох зорилгоор би улс төрд орж ирсэн. Үнэхээр ийм хуралд сууж, худлаа зүйлийг өдөр бүр хэлэлцэж байгаа төрд байх нь зөв ч юм уу, үгүй ч юм уу. Үнэхээр нарийн судалгаатайгаар Монгол түмнээр тоглож чаддаг юм байна" хэмээв.
Тэрбээр шаардлагын хариуг ирүүлээгүй тохиолдолд ирэх долоо хоногт дахин мэдэгдэл хийх аж. Мөн УИХ-ын дарга М.Энхболдоос ажил тасласан тухай залруулга гаргаж өгөхийг хүсэв.
Г.Тэгшсүрэн