Буцалтгүй тусламжийн 350 сая юанийг дахин төлөвлөлтөд ашиглана

Гадаад харилцааны яамны уламжлалт “Мэдээллийн цаг” хэвлэлийн хурал боллоо. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Консулын газрын захирал Я.Ариунболд, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар нарын албаны хүмүүс оролцов.
БНХАУ хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгоно
2018-220 он хүртэлх гурван жилийн хугацаанд БНХАУ-аас Монгол улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгох болсноо мэдэгдээд буй. Энэхүү тусламжийг аль салбарт ашигласан туслахад бэлэн буйгаа БНХАУ-аас хэлжээ.
Харин тус улсаас 2017 онд авч хэрэгжүүлэх ёстой 350 сая юанийн буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглах аж. 2016 онд авах ёстой байсан 300 сая гаруй юаны тусламжаар Монгол талын боомтын дэд бүтцийг тохижуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Ерөнхий сайдын айлчлалаар 21 баримт бичигт гарын үсэг зурсан
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдах “Бүс ба зам” Олон Улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцсон.
Энэхүү чуулга уулзалтад 130 гаруй орны 1500 гаруй төлөөлөгч оролцсон байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд хүмүүнлэгийн зөвлөл байгуулахаар тохирчээ. Мөн залуу эрдэмтэд солилцох, хоёр улсын боловсролын яамны хамтын ажиллагаа зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зуржээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сард Казахстаны Астана хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүнүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцоно. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм байна.
ОУВС Монгол улстай хамтран ажиллах ихэд сонирхолтой байна
ОУВС-ийн хурал тавдугаар сарын 24-нд болно. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОУВС-ийн тэргүүнтэй уулзсан тухайгаа хэллээ. Уулзалтаар хөтөлбөрөө танилцуулж, хоёр талын байр сууриа нэгтгэж, санал бодлоо солилцсон байна. ОУВС Монгол улстай хамтран ажиллах маш их сонирхолтой байгаагаа илэрхийлж, бидэнтэй хамтарч ажиллахад эргэлзэх зүйлгүй гэдгийг хэлсэн байна.
Гадаад харилцааны яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” тавдугаар сарын 30-нд Сүхбаатарын талбайд болох аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ