Экспертүүдээ гуравдагч хөршид томилж байгаа нь зөв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Элчин сайд нарын томилгоог хэлэлцсэн юм. Асуудлыг хэлэлцэх үед Элчин сайдад нэр дэвшигчдэд гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав:
-Д.Ганбат Стратегийн хүрээлэнд олон жил ажилласан. Монголын дипломат албыг нэр төртэй хашиж чадах чадварлаг хүн байгаа. Зургаан хүнээ дэмжээд томилоод явуулах ёстой. Төрдөө түшиг болж ажиллаарай. Цаашид анхаарах зүйл байгаа нь Элчин сайд С.Баяртай холбоотой. Монгол төрийн төлөө гал, ус руу орохоос наахнуур зүтгэж явсан хүн. Элчин сайдаар томилогдон ажилласан цагаас нь эхлээд гадаа нь хүмүүс жагсаал хийгээд түвэгтэй байгаа. Нэгэнт зүтгээд ажиллаж байгаа хүмүүсийнхээ нэр хүндийг хамгаалахад Гадаад харилцааны яам, Тагнуулын байгууллага, хуулийн байгууллага оролцож зохицуулалт хийх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Гадаад бодлого аливаа улс төр талцлаас ангид байдаг салбар. Энэ чанараа хадгалсаар яваа. Энийг хадгалахад манай УИХ-ын гишүүд, улс төрийн хүчнүүд хариуцлагатай хандаж, хадгалахын төлөө явах ёстой. Ингэж ч явж байгаа. Орж ирж байгаа хүмүүс мэргэжлийн хүмүүс. Танихгүй нэг ч хүн алга, олон жил хамтарч ажилласан хүмүүс байна. Талцал байхгүй, улс төржилт байхгүй, цэвэр мэргэжлийн хандлагаар хүмүүсээ оруулж иржээ. Монгол Улс маш хүнд үед та бүхэн Элчин сайдаар томилогдож байна. Та бүхний очих улс гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн орнууд юм. Санаачлагатай ажиллаарай гэж хүсэх байна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Бүгдийг нь мэднэ. Төрөөс хүлээлгэж байгаа өндөр хариуцлагыг даагаад ажиллах хүмүүс. Манай дипломат албаны практикт нэг зүйл жаахан муухан байгаа. Алдаа гаргахад Элчин сайд нарыг хугацаанаас нь өмнө татдаг практик ховор. Түүнээс болоод улсынхаа эрх ашиг, дипломат эрх ашигт сөрөг нөлөө үзүүлж байсан үйлдэл гарч байсан. Хэрэв томилогдоод ажиллаж байгаа Элчин сайд нар асуудалд орвол байнгын хороон дээр дуудаж авчраад хаана, юу болов, хэнээс болов гэдэг практикийг нэвтрүүлэх хэрэгтэй.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр:
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу гадаад бодлогын гол зөвлөх, экспертүүдээ гуравдагч хөршид томилж байгаа нь зөв гэж бодож байна. Дипломат албаны ёс зүйг өндөрт сахихыг хүсэж байна. Төвтэйгээ сайн холбогдоод нэр төртэй албаа гүйцэтгээрэй гэж хүсэж байна хэмээлээ.
Ийнхүү Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суух Элчин сайдаар Л.Пүрэвсүрэнг, Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдаар А.Баттөрийг, Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар Ё.Отгонбаярыг, Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайдаар Д.Ганбатыг тус тус томилохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ