Хөрөнгө оруулагчдыг үргээсэн Элчин сайдыг өчиггүй татна шүү

Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулагчдыг үргээсэн Элчин сайдыг өчиггүй татна шүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын улс орнуудад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайд нарын томилгоог хэлэлцэв. Гишүүд томилгоотой холбогдуулан үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Элчин сайд нарыг Ерөнхийлөгч оруулж ирж томилуулдаг. Орж ирж байгаа хүмүүсийг харахад гадаад ажиллах туршлагатай, чадварлаг хүмүүс байна. гэхдээ хоёр зүйлийг захья. Элчин сайдаар томилогдсоныхоо дараа дарга нарт үйлчилдгээ больё. Тэнд байгаа иргэдэд үйлчилмээр байна. Ялангуяа, Европын холбооны орнуудтай харилцаанд эргэлт гарахгүй байна. гадаадад өргөгдсөн монгол хүүхдийн эрх ашгийн төлөө олигтой явахгүй байна. Гадаадад амьдарч байгаа мянга мянган хүүхэд, залуус монгол хэлээ мэдэхгүй байна. Монголоо мэдэхгүй монголчууд бий боллоо. Томилсон дарга нарынхаа цүнхийг барьж гүйх биш иргэддээ үйлчлээрэй. Очсоныхоо маргаашнаас эхлээд хэний төлөө ажиллах уу гэдгээ бодоорой. Нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчөө бодоод явчихав аа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би элчин сайдаар томилогдож байгаа хүмүүст хэд хэдэн зүйл захимаар байна. Монгол Улсын гадаадад таниулах, үргэлжлүүлэх хүмүүс гадаад руу явж байгаа. Тиймээс заавал мэргэшсэн, тухайн орны соёлыг мэддэг, туршлагатай байх ёстой. Нам, улс төрд үйлчлэх бус төрдөө үйлчилж, төрийг гадаадад зөв таниулах ёстой. Дотоодод байхдаа Монгол Улсыг гадаадад ямар харагдуулсан вэ гэдгийг бодох хэрэгтэй. ОУВС-аас 450 сая доллар авах гээд, 2 тэрбумын долларын өрийг буцаах гэж байна. гурав дахь хөршид очиж байгаа та нар маань хүнд үед очиж байгаа учраас улсаа зөв таниулах ёстой. Гадаадад ядарсан, зүдэрсэн олон хүн байгаа. Тэр хүмүүст Монгол төрийн хайрыг хүргэх хэрэгтэй. Монгол Улсаа зөв сурталчилмаар байна. Монгол төрийг зөв харагдуулж байж гадынхан бидэнд найдвар, итгэл тавина.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Нэр дэвшиж байгаа хүмүүс бүгдээрээ манай салбарынхан. Бүгдээрээ туршлагатай, ажлаа хийж чаддагаа харуулсан хүмүүс. Гадаад бодлого бол улстөржилтөөс ангид байдгийг оруулж ирж байгаа хүмүүсийн бүтэц харуулж байна. Монголчууд дотроо талцдаг ч гадаад бодлогодоо нэгдмэл байдгийг энэ томилгоо харуулж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: Гадаад яамны мэргэжлийн гэсэн, цус ойртсон жижигхэн бүлэглэлийн бус Монгол Улсын гадаад яам байлгах гэж хичээсэн. Үүнийг эсэргүүцсэн хүмүүс байсан. Өнгөрсөн хугацаанд төрийн зүтгэлтнүүд Монголын төрийг хөгжүүлсэн. Мэргэжлийн гээд олон арван залуусыг томилоод явуулсан. Үр дүн харагдахгүй байна. Нэр дэвшигчид бол Монгол Улсын тэргүүлэх харилцаатай, гурав дахь хөрш рүү явах гэж байна. Бид сайн, муу янз бүрийн хүмүүс явуулж байсан. Улс төрийн наймаа хийж, янз бүрийн хүмүүс шургуулаад явуулчихдаг шүү. Парламент бүрэн ойлголт, итгэл үнэмшилтэй байж хүмүүсийг томилох ёстой.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Олон удаа гадаадад лчин сайдуудыг томилж байсан. Төрийн зүтгэлтэн хүмүүс үлдэх нэртэй, мөртэй ажил хийж, гадаад харилцааг хөгжүүлж байсан. Үүнийг анхаарах хэрэгтэй. Гадаад харилцааны хүмүүс томилолтын хугацаагаа өнгөрөөх төдийгөөр ажилд ханддаг гэх ойлголт олон нийтэд байдаг. Манай батлан хамгаалах салбар дэлхийн 32 оронтой цэргийн хамтын ажиллагаатай байна. Олон улсын харилцаанд батлан хамгаалах, аюулгүй байдлын харилцаа чухал гэдгийг Элчин сайд нар анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Элчин сайдаар томилогдож байгаа хүмүүсийн асуудалд анхааралтай, нухацтай хандах ёстой. Томилогдож байгаа Элчин сайд нар улсын нэр хүнд гутаагаад, эргүүлэн татах асуудал гарч байна. Р.Пүрэвсүрэнг элчин сайдаар дэмжихгүй байна. Оффшорын бүлгийнхээ нэрийн өмнөөс дэмжихгүй байгаа гэдгээ хэлье. Засгийн газрын үйл ажиллагаанд доголдолтой ажилладаг, “ховч хар” гэдэг нэр авсан. Европын холбооны улсуудад нэвтрэх эрхгүй болсон гэх мэдээлэл байна. Тийм байтал Монгол Улсыг төлөөлөхөөр Европын холбоо руу явах нь маш буруу. Монгол төрд бодлого байх ёстой. Монгол Улс нэр хүндээ бодох ёстой. Тамхины наймаанд оролцож байсан, Монгол Улсын нэр хүндийг гутааж байсан хүнийг сонгох нь зөв үү. Өөр хүн олдохгүй байна уу.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Улс орны өмнө хүлээсэн үүргээ хүлээх нь ховор. Монгол төрийн төлөөлөл. Тиймээс тухайн оронд байгаа Монгол Улсын иргэдэд бүх талын тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой. Гэтэл дэндүү хайнга ханддаг. Зарим нь хүлээж авч уулздаггүй. Маш олон монголчууд гадаадад амьдарч байна. тэнд маш олон мянган хүүхэд аав ээжийгээ дагаад амьдарч байна. Тэнд байгаа хүүхдүүд төрөлх хэлээ мэдэхгүй байна. тэдэнд хэл, өв соёлоо таниулах үйл ажиллагаа хийгдэхгүй байна. Томилогдсоныхоо дараа хэн нэгнээ татах биш Монгол Улсынхаа төлөө, тэнд байгаа хүүхдүүдийн төлөө ажиллаасай гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Манай намын удирдлага, УИХ, Засгийн газартай тохиролцоод оруулж ирж байгаа учраас дэмжих байх. Ганц нэг хүмүүсийг дэмжмээргүй байна. Ерөнхийлөгчийн хугацаа нь дуусч байна. Буцах хүнээр ачаа бүү татуул гэдэг. Одоо бол улсын төлөө биш өөр зорилгоор л хийнэ дээ. Томилсон хүндээ Элчин сайд нар үйлчилдэг. Иргэддээ л үйлчилмээр байна. Дарга, Ерөнхийлөгчид биш. Улсаа аятайхан сурталчилмаар байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Монгол Улсаас хөрөнгө оруулагчид гараад явчихлаа. Тиймээс хөрөнгө оруулагчдад анхаараарай. Томилогдоод дөрвөн жил таг болчихдог. Энэ системд нь алдаа байгаа байх, Мөнх-Оргил сайд анхаараарай. Боловсрол дээр их анхаармаар байна. Боловсрол хамаагүй гэдэг зүйл яваад эхэллээ. Гадаадад монгол оюутнуудыг сургах асуудалд Элчин сайд нар онцгой анхаараач. Өндөр хөгжилтэй орнуудад суралцах оюутнуудын тоог нэмэх хэрэгтэй. Монгол төрийн түшээд болон бүх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн боловсрол чухал. Гадаад харилцаанд улс төрийг оруулж болохгүй. Очоод Ардын намаа муулах гэж байгаад хөрөнгө оруулагчдыг үргээчихэв. Тийм үг сонсогдвол өчиггүй татна шүү. АН-ын хүмүүс байлаа ч гадаад харилцаанд улс төр оруулж болохгүй шүү гэдгийг анхааруулъя.
Ийн гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулж, Элчин сайд нарыг томиллоо.
Шинээр томилогдсон Элчин сайд нар:
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн
Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөр
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат
Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр
Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр
Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ