Зүүний үзэлтэй намуудын төлөөлөл Монголд чуулав

Монгол Ардын Намаас санаачлан “Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс, тогтвортой байдлын асуудлууд” сэдэвт "Прогрессив Алъянс" олон улсын дөрөвдүгээр бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү бага хуралд 34 орны 70 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Хурлын нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд болон хурлын ерөнхий зохион байгуулагч нар оролцлоо.
Бага хуралд оролцохоор Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг таван тивийн, социал демократ үзэлтэй 40 гаруй намын төлөөлөл хүрэлцэн иржээ.
Эдийн засгийн уналтыг тогтворжуулах асуудлаар ярилцана
Энэхүү олон улсын хамтын ээлжит хурлын ач холбогдлын талаар УИХ-ын дарга М.Энхболд “Энэхүү хоёр өдрийн хурлаар даян дэлхийн тогтвортой байдалд улс орнуудын үүрэг оролцоо ямар байх ёстой вэ. Бидний өмнө тулгарсан хүндрэл бэрхшээлд улс төрийн намууд ямар байр суурьтай байх вэ. Тэр дундаа зүүний үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүдийн байр суурь адил байх ёстой юу, тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг задалж, тодорхой сэдвийн хүрээнд ярилцлана.
Мөн Монгол улсын эдийн засаг, иргэдийн амьдрал өнөөдөр сайнгүй байна. Энэ байдалд бид хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч ажиллах ёстой вэ, дэлхийн улс төрийн хүчнүүд өнөөдөр ядуу зүдүү байдал нэмэгдэж байгаад ямар арга хэмжээ авч байгаа вэ, орлогын ялгавартай байдал нэмэгдэж байгаад хэрхэн анхаарал хандуулж байна вэ гэдэг дээр бид суралцаж, асууж, ярилцах юм.
Өнгөрсөн онуудад бий болсон эдийн засгийн уналтад орж, төр засгийн байгууллагын хариуцлагагүй байдлаас болж бизнес, эдийн засгийн орчин муудсан. Тиймээс МАН-ын зүгээс улс орныхоо эдийн засгийг тогтворжуулах, олон улсын туршлагаас судлах зорилгоор ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт оролцох боломж бүрдэж байгаа талаар энэхүү хуралд оролцож буй улс төрийн хүчнүүдийн төлөөлөлтэй харилцан ярилцана” хэмээв.
Популизм ирээдүйд заналхийлж байгаа
Өнгөрсөн жилийн "Прогрессив Алъянс" олон улсын хурлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Тэрбээр “"Прогрессив Алъянс" олон улсын хурлыг жилдээ нэг удаа зохион байгуулж, тухайн жилийнхээ уриалгыг гаргадаг. Энэ жилийн хурал Монгол улсад зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Өнөөдөр хоёр сэдвийн хүрээнд ярилцаж байна.
Дэлхий дээр тогтвортой байдал савлагаатай байвал иргэдийн аж байдал хүндэрдэг. Улс орнууд хоорондоо зөрчилдсөнөөр дайн дэгдэх эрсдэл бий болдог. Үүнийг өдөөдөг зүйл нь популист хөдөлгөөн буюу дэлхийн нийтийн хэллэгээр бол биелэгдэхгүй амлалт өгдөг тогтолцоо, тооцоо судалгаагүй ажлыг хийдэг явдал юм. Үүнд дэлхий нийт шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс бид цаашид юунд илүү анхаарах вэ гэдэгт голлон ярилцаж байна.
Монгол Улсад популист хөдөлгөөн яригдаад өнгөрөх зүйл биш. Энэ нь тодорхой хэмжээнд бидний тогтвортой ирээдүйд заналхийлж байгаа. Тиймээс энэхүү хурал цаг үеэ олсон гэж үзэж байна” гэлээ.
МАН хүнд цаг үед улс төрийн залгамж халааг авч байна
Хуралд оролцож буй зарим улс орны төлөөлөгчид хуралд оролцож буй сэтгэгдлээ хуваалцлаа.
Нидерландын Хөдөлмөрийн намын дэд дарга Марша Бил “Монголд ирсэн сэтгэгдэл өндөр байна. Энэхүү үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байгаад баяртай байна. Европт популизм газар аваад байгаа нь санаа зовоож байгаа. Гэхдээ бид эдийн засгийг сайжруулвал популизм газар авахгүй гэдэг бодлого баримталж ажилладаг” хэмээлээ.
Европын социалист намын ерөнхийлөгч Сергей Станишев “Ядуурлыг бууруулах нь олон улсад тулгамдаад байгаа асуудал мөн. Ядуурлыг бууруулснаар зөв зүйтэй нийгмийг бий болгох учиртай. МАН-ын хувьд хүнд цаг үед улс төрийн залгамж халааг авч байна гэж харж байна. Асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг санал санаачлагыг гаргаж, дараа нь санхүүгийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. МАН-ын хувьд томоохон сорилт болж байна гэж харж байна” гэлээ.
Харин Малайзын Ардчилсан үйл ажиллагааны намыг төлөөлөн оролцож буй Тереза Кок “Өнөөдрийн хурлаар шударга ёс тогтвортой хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ нь Малайзад төдийгүй дэлхий дахинд тулгамдаад байгаа асуудал. Манай улсын хувьд их ой модтой. Тийм учраас ой мод хомсдож байгаад иргэдийн санаа зовж байгаа. Манай засгийн газраас ойжуулалтад ихээхэн анхаарал хандуулж ажилладаг. Тогтвортой хөгжлийн тод жишээ гэвэл үүнийг нэрлэж болно” хэмээв.
Зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын холбоо болох “Прогрессив Аллианс-Дэвшилтэт эвсэл” нь одоогоос дөрвөн жилийн өмнө дэлхийн дэвшилтэт, социал демократ улс төрийн намууд болон олон улсын байгууллагуудын хамтралаар үүсгэн байгуулагдсан, дэлхийн 130 гаруй улс төрийн нам, олон улсын байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг улс төрийн эвсэл юм.
Энэхүү эвсэл улс төр-энх тайван, ардчилал, хүний эрх, зохист хөдөлмөр, хүйсийн тэгш байдал, тогтвортой хөгжил зэрэг бодлогын чухал асуудлыг хөндсөн илүү дэвшилтэт үзэл санааг олон улсад түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгодог байгууллага аж.
Тус эвсэл байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн олон оронд дээрх сэдвээр бага хурлуудыг зохион байгуулж иржээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ