Эдийн засаг баталгаатай биш эмзэг байгаа

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон 2018 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийг тус тус хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Батнасан “Үндсэн чиглэлийн баримт бичгийг нэлээн сайн үндэслэл дээр батлах нь ёстой. Баруун аймгуудын хувьд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих асуудал анхаарал татдаг. УЦС бол өөрийнхөө өртөгийг нөхдөг үйлдвэрлэл. Өнөөдөр бид урд хөршөөс 280 төгрөгөөр 1 киловатт цахилгааныг авч байна. Тус төслийн ТЭЦҮ-г харахад 37 төгрөгөөр 1 киловатт цахилгаан авах юм байна. Иймд төсөлд түлхүү анхаарал тавих хэрэгтэй. Мөн боомтуудын үйл ажиллагааг сайжруулахад хэдий санхүүжүүлт оруулах гэж байна вэ" гэсэн асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-БНХАУ-ын Засгийн газар буцалтгүй тусламж болгож 350 сая юанийг олгоно. Иймд эхний ээлжинд БНХАУ-тай хиллэж байгаа бүх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тохижилтыг сайжруулах, дэд бүтцийг өсгөхөд уг мөнгийг зарцуулна. Энэ оны 3 эсвэл 4 дүгээр улиралд тендер зарлагдана. Ингэснээр урд хөрштэй хиллэж байгаа боомтуудын асуудал шийдэгдэнэ.
ОХУ-тай хиллэж байгаа боомтуудын асуудлыг Азийн хөгжлийн банктай хамтарч шийдвэрлэхээр хэлэлцээр эхлүүлсэн. Ингэхээр 2019 оны төгсгөлд гэхэд манай улсын нийт боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн байх болно хэмээлээ. Байнгын хороо ирэх оны Үндсэн чиглэлийг хэлэлцээд санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Дараагаар нь 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд концессийн гэрээг үргэлжлүүлэх эсэх, 2016 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаа хэзээсээ хэрэгжүүлэх зэрэг асуултыг тавьж байлаа. Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Концессийн үр ашгийн тооцоо хийхээр аудит оруулна. Ажил нь эхлээгүй концессийг зогсоосон байгаа. Гэхдээ бидэнд мөрийн хөтөлбөрөө санхүүжүүлэх бололцоо бий. Ард түмэнд амласан амлалтаа биелүүлэхэд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын төслийг нэг удаад өөрчлөх тохиролцоо хийсэн. Засгийн газар хэлэлцээд, гишүүдийн саналыг авна.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:
-Үүсээд байгаа эдийн засгийн эерэг байдал баталгаатай биш эмзэг байгаа. Сангийн яам цаашдаа үргэлжлүүлж ажиллах ёстой. Гадна, дотнын байгууллагуудтай тохирсон зүйл дээрээ хатуу байх ёстой. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн санхүүжилттэй холбоотой зээлийг зохих журмын дагуу хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаараарай гэлээ. Ингээд Төсвийн хүрээний мэдэгдлийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ