УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн бариад байгаа юм . ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:
-2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагсан Засгийн газар нь 10 гаруй сарын хугацаанд улс орны салбарын бүх түвшинд хариуцлагатай ажиллахаар хичээн ажиллаж байгаа билээ. Гэвч Ж.Батсуурь нь эрхэлсэн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж чадахгүй, асуудлыг шийдвэрлэхгүй явсаар ирлээ. Яамны удирдлагууд дотроо хагаралдсаныг зохицуулж чадаагүй байна. Тиймээс огцруулах асуудлыг өргөн барьж байна гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Яамны бүтэц, дотор нь ажиллаж байгаа удирдлагууд уялдаа холбоотой ажиллаарай. Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байгаа. Яамны дотоод үйл ажиллагаа таалагдахгүй байгаа шүү. Тиймээс сайд дээр хариуцлага ирэлгүй яадаг юм. Цаашдаа уялдаа холбоотой ажиллаарай.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Итгэл өгч чаддаг, хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй. Өмнөх Засаглалын алдааг давтаж болохгүй. Хариуцлага тооцож байгаа асуудлыг дэмжиж байна. Одоо ч гэсэн ажлаа хийж байгаа хүмүүст дохио өгч байгаа зүйл. Зөвхөн салбарын биш дунд шатны албан тушаалтнуудын хариуцлагын асуудал. Санаатайгээр хүн хорлодог хүмүүс байдаг. Нэг баг болж ажиллаж чаддаггүй. Монгол төрд боловсон хүчний бодлого үнэхээр дутагдаж байна. Хүнээ зөв томилж чадахгүй, ашиг сонирхлын зөрчил явж байна. Огт ажлаа мэдэхгүй байж, хариуцлагатай ажил дээр томилогдож байна. Энэ бол зөвхөн боловсролын салбарт байгаа зүйл биш. Монгол төр бүхэлдээ хариуцлагагүй болж байна. Нэгэнтээ энэ асуудлыг шийдэж байгаа бол нэг сайдын биш төрийн бодлогыг цэгцлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Энэ удаагийн хариуцлага тооцож байгаа асуудал хүнээ олсон уу гэдэгт эргэлзэж байна. Засгийн газрын ганц эрх ашгийн зөрчилгүй хүн. Байгаа олсон уу. Хэдхэн хоногийн өмнө БСШУС-ын дэд сайдыг АНУ-д Элчин сайдаар дэвшүүлээд явуулсан, гэтэл сайдыг нь огцруулахаар оруулж ирж байна. Хүний өмнөөс хэрэгт мордож байгаа юм биш биз дээ. Сайд ёсзүйн ямар ноцтой алдаа гаргасан юм бэ. 29 дүгээр сургууль дээр алдаа гарсан гэж байна. Нийслэлийн боловсролын удирдлагуудтай хариуцлага тооцохгүй яагаад сайдтай нь тооцож байна. Хуулиараа яамны өдөр тутмын нэгдсэн удирдлагаар хангах хүн нь Төрийн нарийн бичгийн дарга шүү дээ. Салбарын хэмжээнд нь сайдтайгаа гар нийлж ажиллаж чадаагүй Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарт ч хариуцлага тооцно биз дээ.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:
-Засгийн газрын тухай хуулинд Засгийн газрын гишүүний эрхэлсэн асуудлыг тодорхой заасан байдаг. Анх удаагаа улсын шалгалтыг дахин өгч байгаа нь олон нийтэд Засгийн газарт итгэх итгэлийг бууруулж байгаа. Төрийн өндөр албан тушаалтан болж байгаад төрийн тусгай албан тушаалтан болж байгаа, дэд сайдын хувьд. Ганцхан сайдад хариуцлага тооцоод зогсохгүй, шат шатанд нь хариуцлагын асуудал яригдана.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
-Сайдынхаа удирдлагад нэгдэж чадаагүй яамыг яах вэ? Ж.Батсуурь сайд туршлагагүй, мэдлэггүйдээ огцорч байна гэж бодохгүй байна. Энэ сайдыг яамны ялзарсан аппарат унагааж байна. Харин ч сайд хариуцлагагүй ажилласан хүмүүстээ хариуцлага тооцох ёстой байсан. Манайх сайдаа огцруулаад аппаратыг нь үлдээж байна. Тийм учраас эхлээд яамны аппараттай хариуцлага тооцох ёстой.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:
-Ерөнхий сайд алдаа гаргасан сайдтайгаа хариуцлага тооцож байгаа юм. Цаашлаад алдаа гаргасан хүмүүстай хариуцлага ярина.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Танай Засгийн газрын бусад сайд нар хариуцлагагүй ажиллаагүй юу. Ж.Батсуурь сайдыг би олон жилийн өмнөөс мэднэ. Сайдыгаа дэгээдэж унагааж байгаа бусад хүмүүстэй ч хариуцлага тооц.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх