Сонголт хийх 20 хоног

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-наас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байна.
Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс ХОРЬ хоногийн өмнө буюу өнөөдөр эхлүүлүүлэх заалттай.
Ийнхүү нэр дэвшигч Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, зурагт самбар байрлуулах, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг, цахим хуудас ашиглан сурталчилгаагаа эхлүүлнэ.
Харин Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад хориглох үйлдэл, үйл ажиллагаа
- Энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх,
- Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх,
- Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах,
- Төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах,
- Сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах,
- Сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох,
- Эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэх,
- Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулах зэрэг үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛОСОН.
Сонгуулийн тухай хууль зөрчсөн тохиолдолд сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан байдаг.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс НЭГ хоногийн өмнө буюу 2017.6.24-ний өдөр дуусгах юм.
Сонгуулийн сурталчилгаанаас өмнө нэр дэвшигчтэй холбоотой хар пиар нэлээдгүй цацагдсан. Гэхдээ өнөөдрөөс эхлэн сонгогчид элдэв хов живнээс холуур зөвхөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, хийсэн ажил, ирээдүйд хийн зорилтыг нь шинжин, сонжиж сонголт хийх цаг ирлээ.
Учир нь сонгогч 20 хоногийн дараа Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч шинэ Төрийн тэргүүнээ сонгох юм.
Гурван нэр дэвшигчийн хэн нь 2.3 сая сонгогчоос хамгийн олонхийн санал авах нь гэдгийг зургадугаар сарын 26-ны сонголтоор баталгаажина.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ