315 цэцэрлэгийг барих шаардлагатай

Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тайланг танилцуулав.
Сургуулийн өмнөх насны, цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 306890 хүүхэд байгаа аж. Үүнээс 240342 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 60 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна.
Улсын хэмжээнд төрийн 854, хувийн 504 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Улсын цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн стандарт хэмжээ 29 гэнэ. Гэтэл өнөөдөр нэг ангид 55-60 хүүхдийн анги дүүргэлттэй байна. Тиймээс өнөөдөр 315 цэцэрлэгийг яаралтай барих шаардлагатай байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцоллоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн Б.Баатарбилэг:
-Цэцэрлэгийн насныханыг 2-5 нас гэж байна. Гэтэл улсын цэцэрлэгт 2 настай хүүхдийг тэр бүр авдаггүй. Улсын хэмжээнд 0-3 насны хүүхэд хэд байна гэлээ. Үүнд холбогдох мэргэжилтэн “Улсын хэмжээнд 2-5 насны 750 мянган хүүхэд байгаа. Хоёр настай нийт 79 мянган хүүхдийн 30 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 80 орчим хувь нь хамрагдаж байна гэж хариуллаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-315 цэцэрлэг барихад хэдэн төгрөг шаардлагатай вэ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэсэн асуултад "Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын асуудалд анхаарч ажиллаж байгаа. Төсвийн хөрөнгөөр барьж байгаа цэцэрлэгийг хот суурин газрын хүн амын нягтаршлаас шалтгаалан шийдэж байгаа. Хувийн хэвшлийнхний цэцэрлэгийн норм нормативд өөрчлөлт оруулж байгаа. Цаашдаа шинэ арга зам нэвтрүүлж байна. Байгууллагын цэцэрлэгийн хууль эрхзүйн орчныг бий болгоход анхаарч ажиллаж байна. Өнөөдөр амьдрал дээр хувийн цэцэрлэгийн ашиглагдаагүй орон зайг ашиглах талаар ажил хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад цэцэрлэгийн хүчин чадал өмнөх оноос нэмэгдсэн. Хүүхэд харах үйлчилгээний тухайд хүүхдийг аюулгүй нөхцөлд харах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна" хэмээн холбогдох мэргэжилтэн хариулсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ