Унасан салбарыг сэргээж өгөөрэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт тавьж, санал хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Эрдмийн хүн эрдмийн салбарт очиж байгаад баяртай байна. Чулуунбаатар гуай НҮБ-ын Мянганы шинэ зорилтыг хөтөлбөрийг боловсруулахад ажиллаж байсан. Сургууль, цэцэрлэгийн асуудал манайд хэвээрээ байгаа. Хотод иргэд хаана амьдарч байгаагаасаа эс хамаараад хүүхдийн эрхийг адил тэгш хангах ёстой. Багш нартай уулзаад явж байхад сурах бичиг дээр бизнес хийдэг асуудлыг зогсоож өгөөч гэдэг. ОХУ-д явж байхад нэлээн эрт боловсруулагдсан сурах бичиг нь одоо ч хэрэглэгдсээр байдаг. Гэтэл манайд эхний хэвлэгдсэн сурах бичиг нь танигдаж амжаагүй байхад дараагийн сурах бичиг нь гардаг. Өнөөдөр хүмүүс үндэслэлгүй зүйлд итгэдэг болсон байна гэдэг таны очих боловсролын салбар унасны илрэл. Энэ унасан салбарыг сэргээж өгөөрэй.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Салбарынхаа нөхцөл байдлын үнэлгээг эргэж хараасай гэж бодож байна. Энэ дотроо бага дунд, дээд боловсрол, мэргэжлийн сургалт төвүүдийн уялдаа холбоо, бодит үнэлэмжийг эргэж хараасай гэж бодож байна. Цаг хугацааны хувьд сайд шинээр томилогдож байгаад баяртай байна. Салбарын асуудлыг уяж ажиллах хэрэгтэй. Хүүхдийн форумаар бизнес хийж байна. Үндэсний үйлдвэрүүд нь форумаа бэлтгэсэн байхад Хятадаас чанаргүй форум авчирч зохион байгуулдаг гэсэн шүүмжлэл байдаг.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Дан дээлтэй, мэргэжлийн хүн салбар удирдах болсонд баяртай байна. Монголын ирээдүйн ажилгүй дээд боловсролтой иргэдийн тоо их байгаа. Бага, дунд боловсролын салбар чанаргүй байна. Тиймээс энэ чиглэлд ажиллаарай. Багшийн цалин, нийгмийн асуудлыг анхаарч, урамшуулах шаардлагатай. Гадаадаас боловсролын салбар руу чиглэсэн хөгжлийн хөтөлбөр, зээл тусламж их байдаг юм байна. Энэ чиглэлийн санхүүжилт, хамтын ажиллагааг хүчирхэг болгох тал дээр анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар:
-Манай төрийн анхан шатны салбар боловсролыг их шаарддаг. Сумын Засаг дарга дээд боловсролтой байх ёстой гэж шаарддаг мөртлөө өнөөдөр боловсролгүй хүмүүс дээшээ дэвшдэг. Дээд боловсролын салбарт мэргэшсэн академич сайдад нэр дэвшиж байгаад баяртай байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Боловсролын орчин, тогтолцоог сайжруулах асуудал чухал байна. Хүүхдийг эрдэм номтой хүн болгох нэг талын асуудал. Эрдэм номтой хүнээс гадна зөв монгол хүн болгох асуудал бас чухал юм. Хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн оролцоог ч нэмэгдүүлмээр байна. Төрийн өмчийн оролцоотой их дээд сургууль суралцагчдын төлбөр дээр суурилдаг. Их, дээд сургуулийн санхүүжилтэд анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Чулуунбаатар академичийг салбартаа, шинжлэх ухааны салбартаа сайн ажиллаарай. Шинжлэх ухааны байрыг булаасан асуудал өмнөх Засгийн газрын үед гарсан. Алдааг засч, залруулахын талаа ажиллаарай. Их, дээд сургуулийн боловсролын сургалтад анхаараарай. Нарийн мэргэжлийн, байгалийн ухааны салбарт ажиллах боловсон хүчин дутмаг байна. Сургалтын агуулга чанар дээр анхаараарай.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ