Олон улсын гэрээний хуулийг шинэчлэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 4 зүйлтэй аж. Тусламжийн хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх татварын төрлийг нарийвчлан зохицуулах үүднээс Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 8.3.1 дэх заалтын “татвараас” гэсний өмнө “гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан” гэж нэмэхээр заажээ.
Мөн олон улсын гэрээг хүчингүй болгох шийдвэрийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмын дагуу холбогдох тал, эсхүл олон улсын байгууллагад уламжилж шийдвэрлүүлнэ гэж өөрчлөн найруулсан байна.
Түүнчлэн визийн нөхцөл, хураамжаас хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүхий олон улсын гэрээг Засгийн газар байгуулахаар заасан Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсгийг олон улсын эрх зүйн харилцан адил хандах зарчимд нийцүүлэн “Монгол Улсад” гэснийг “Иргэд харилцан” гэж өөрчлөхөөр тусгажээ.
Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлал, судалгааг, даган гарах хуулийн төсөл, үзэл баримтлалын хамт Гадаад харилцааны яамны албан ёсны цахим хуудсанд олон нийтээр хэлэлцүүлж санал авахаар байршуулжээ.
Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг гишүүд дэмжсэн юм. Тиймээс Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Ингэснээр 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний хууль хүчингүй болж байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ