Л.Наранбаатар: АН-ын шинэчлэлийн залуус Х.Баттулгыг дэмжихгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын оффшор дансны асуудлаар УИХ-ын гишүүн, оффшорын эсрэг лобби бүлгийн дарга Т.Аюурсайхан, АН-ын гишүүн Л.Наранбаатар нар мэдээлэл хийлээ. Тэд нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн өмнө оффшор данс эзэмшдэггүй гэдгээ нотлох шаардлагыг тавилаа.
Т.Аюурсайхан “Х.Баттулга “Камекс” компанийг 2006 оны 8 дугаар сарын 17-нд үүсгэн байгуулсан. 2014 онд оффшор бүсэд бүртгэгдсэн байна. Энэ бол Х.Баттулга УИХ-ын гишүүн байсан цаг хугацаа. Оффшор бүсэд бүртгэлтэй энэ компанийн мэдэлд Монголын томоохон, стратегийн ач холбогдолтой орд газрууд байна. Монголын уул уурхайн баялгийг гадаадынхны мэдэлд шилжүүлдэг, зардаг ноцтой мэдээлэл байна.
Х.Баттулгыг 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна гэж мэдээлсэн. Дэлхий дээр 7.5 тэрбум хүн оршин суудаг. Тэдгээрээс 2375 долларын тэрбумтан байна. Тэдний нэг нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулга. Түүнийг хөрөнгөө нуун дарагдуулж, ХОМ-ээ худлаа мэдээлсэн гэж үзэх үндэслэл байна” гэв.
Тиймээс УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс нэр дэвшигч Х.Баттулгад шаардлага хүргүүлж буй аж. Шаардлагадаа оффшор бүсэд компанигүй гэдгээ Төрийн ордонд ирж, баримт нотолгоотойгоор няцаалт хийх ёстойг дурджээ. Мөн Х.Баттулгад долоо хоногийн хугацаа өгч буй мэдэгдэв.
Харин хэвлэлийн хуралд оролцсон АН-ын гишүүн Л.Наранбаатар нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Тэрбээр "Х.Баттулгыг АН-ын шинэчлэлийн залуус дэмжихгүй. Учир нь манай намын үнэт зүйлтэй нийцэх мөрийн хөтөлбөрийг гаргаагүй. Х.Баттулга гэдэг хүн өнгөрсөн хугацаанд юу хийснийг та бүхэн мэдэж байгаа. АН-ын Засгийн газрыг унагахад гол үүрэгтэй оролцсон. Намынхаа шинэ залуус, лидерүүдийг бүгдийг “түгжилдсэн”. Лу.Гантөмөрийн мүүнчин болгосон. Ийм хүн улсын эв нэгдлийг хангаад аваад явна гэсэн итгэл төрөхгүй байна. 200 хүний толгойг тасдаж, тойрон бүжиглэе гэсэн нэвтрүүлэг хийж, өөрийнхөө телевизээр цацдаг фашист. Тиймээс АН-ын шинэчлэлийн залуус ийм фашист, нацист, цэргийн эдийн засагчийг хэзээ ч дэмжихгүй" гэсэн байр суурийг илэрхийллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ