МАХН-ын нэрийг унагасан С.Ганбаатарыг дэмжихгүй
МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан, “Олон нийт- иргэний хяналт” ТББ-ын тэргүүн А.Батзориг нар мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болж байгаа энэ үед Сонгуулийн хуулийг зөрчсөн, байж болшгүй зарим үйлдлүүд гарсаар байна. Тухайлбал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр өөрийн гэртээ Солонгосын Мүүний шашны төлөөлөгч Ван Сү гэгчээс 50 сая вон буюу 104 сая төгрөгтэй тэнцэх гадаад валют авсан талаар олон нийтийн цахим хуудсаар гарлаа.
МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбоонд хандаж, манай намын олон зуун гишүүд дэмжигчид энэ асуудал үнэн эсэхийг хүссэн. Хэрвээ энэ мэдээлэл худлаа бол манай МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын нэр хүндийг ихэд гутаасан үйлдэл болж байна хэмээн бухимдлаа илэрхийлсээр байгаа юм.
Дээрх бичлэг үнэн бол Сонгуулийн тухай хуулийн 49.2-т заасан “хандивлагч нь хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэн байна” гэснийг зөрчиж байна. Хуулиар иргэн 3 сая хүртэл, аж ахуйн нэгж 10 хүртэл сая төгрөгийн хандив нэр дэвшигчдэд өгч болох заалттай.
Гадаадын байгууллага, гадаад улсын иргэнээс хандив авахыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл дээрх бичлэг үнэн бол хууль зөрчсөн байна гэж нэр бүхий иргэд СЕХ-нд хандаад байгаа юм билээ. Хэрвээ Сонгуулийн хуулиар хандив өгөхийг хориглосон этгээд хандив өгсөн бол хандивыг хүлээн авахгүйгээр тухайн этгээдэд буцаан шилжүүлнэ гэж заасан байдаг. Хандив өгсөн этгээдийн эрхзүйн байдал тодорхойгүй бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байна.
Тиймээс МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Сонгуулийн хуулийг зөрчсөн эсэхийг яаралтай шалган шийдвэрлэхийг шаардаж байгаа юм. Хэрвээ Сонгуулийн хууль зөрчсөн нь үнэн болох нь тогтоогдвол хуулийн дагуу нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасч, авсан хандивыг төрийн санд шилжүүлэх хуулийн хэрэгжилтийг хангахыг зарим иргэд шаардсан байна.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатартай холбоотой бичлэг үнэн болох нь тогтоогдвол манай намын гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшил, МАХН-ын нэр хүндэд сэвтэй үйлдэл болох тул бид чин үнэнийг яаралтай тогтоон, мэдээлэхийг шаардаж байна. МАХН-ын олон зуун мянган гишүүд дэмжигчид бид намын нэр хүнд унагасан хүнийг дэмжих боломжгүй болно гэсэн шаардлагыг ЦЕГ, СЕХ, ТЕГ-т хандаж хүргүүлж байна хэмээлээ.
“Олон нийт иргэний хяналт” ТББ-ын тэргүүн А.Батзориг “ МАХН, АН хоёр нэр дэвшигчдээ онож сонгоогүй. АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүх гишүүдээсээ асууна гээд цагийг нь тулгаад Х.Баттулгыг сонгосон. АН-ын шударга гишүүдээс сонгож болох байсан. Өнөөдөр төмөр зам тавих мөнгөөс хумсалсан, монгол эхнэртэй эсэх, өөрийнх нь зөвлөхүүд гадаадад гарчихсан эрэн сурвалжлагдаж байгаа, хүүхэд нь хар тамхины хэргээр шалгагдаж өнөө маргаашгүй шүүх хурал нь болж шийдэгдэх гэж байна. Гэтэл эцэг Х.Баттулга нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байна. Тиймээс АН, МАХН хоёр нэр дэвшүүлэх хүмүүсээ онож чадаагүй” гэсэн юм. Тэд мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Та бүхэн тэр бичлэгийг үнэн эсэхэд хэр эргэлзэж байна вэ?
МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан:
-Бид өнөөдөр шалгаж тогтоох эрх бүхий байгууллагад асуудлаа тавиад байна. Өнөөдрийн байдлаар үнэн зөвийг тогтоогоогүй байхад ямар нэг зүйл хэлэх боломжгүй.
-Сонгуулийн үед хэд хоногийн хугацаанд шалгаж шийдвэрлэдэг бол?
-Сонгуулийн сурталчилгааны үед хуулийн байгууллага ирүүлсэн гомдлыг хугацаа харгалзахгүй яаралтай шалгаж, шийдвэрлэх заалттай.
-МАХН-аас С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхэд та бүхэн эхнээс нь дэмжиж байсан уу?
-Бид С.Ганбаатарыг хүлээж авах таатай байдалд байгаагүй. Намын удирдлагын хүрээнийхний шийдвэр. Гэхдээ нэгэнт намын шийдвэр гарсан болохоор бид дэмжээд ирсэн.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ