Монголын төрийг ноён нуруутай болгоод өгөөрэй, сонгогчид оо

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусах шатандаа орж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ.
М.Энхболд дарга төрийн ажилд гаршсан, хатаагдсан, жаргал зовлонг нь мэдрэх хүн
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сүүлийн шатандаа орж байгаатай холбогдуулан сэтгүүлч та бүхэнтэй уулзаж байна.
Хугацаа нь шахагдсан сонгууль болж байгаа нь нэг талаас мэдрэгдлээ. Цаашдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа богино байж болохгүй юм байна гэсэн ойлголтыг аваад явж байна. Бид 1992 оноос хойш Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгууль явуулж, тав дахь Ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа юм.
Урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад энэ удаагийнх иргэдийг хар бараан мэдээллээр төөрөгдүүлсэн сонгууль болж байгааг онцолж тэмдэглэе.
М.Энхболд даргын хувьд хөдөө явах уулзалт дууссан. Өнөөдөр хот хавиар сонгуулийн сурталчилгааны ажлаа хийнэ.
Энэ сонгуулийн үр дүн нааштай гараасай, М.Энхболд даргыг сонгоод өгөөсэй гэсэн хүсэлтийг сонгогчдодоо хандан хэлж байна. Төр тогтвортой байх хэрэгтэй. 2016 онд УИХ-ын сонгууль явагдсаны дараа эдийн засаг маш хүнд, дефолт руу орох нөхцөл үүссэн байлаа. Хүнд хэцүү, олон нийтэд таалагдахааргүй арга хэмжээ авсны үр дүнд ноднин жил улсын төсөв ашигтай гарсан. Энэ жил ч ашигтай гарч, төгрөгийн ханш чангарсан процесс явагдаж байна.
Эдийн засагт гарсан нааштай үзүүлэлтийг улс төрийн хувьд баталгаажуулахад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль онцгой ач холбогдолтой. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, орон нутагтайгаа хамтраад зорилго нэгтэй ажиллавал эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарах улс төрийн зураг харагдаж байгаа гэдгийг сонгогчдодоо хэлье.
Урьд урьдын гашуун сургамж байна. Төрийн дээд институци хоорондоо зөрчилдөхөөрөө ажлаа саармагжуулж, унагадаг. Институци хоорондын маргаан ил далд явагдсанаар эдийн засаг, нийгмийн амьдралыг бүхэлд нь унагадаг гашуун сургамж байгаа. Тиймээс сонгогчид энэ удаад их зүйлийг ойлгож сонголтоо хийх байх.
Төрийн тэргүүн байх хүнд маш болгоомжтой хандах албан тушаал юм байна. Бид дөрвөн төрийн тэргүүний нүүр үзээд дараагийн Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Хүнийхээ авир аашаас шалтгаалсан төрийн элдэв самуун явдал сүүлийн жилүүдэд их гарлаа. Ааш нь хүнээ дагуулаад явчихдаг. Ингээд хууль нь хууль биш болж хувирдаг. Үүнээс шалтгаалаад төрд гашуун сургамж үлдэж байна.
Ийм учраас Монголын төрийг бүтэн, ноён нуруутай болгоод өгөөч гэж хэлж байгаа юм.
М.Энхболд дарга төрийн ажлыг анхан шатнаас нь дээд цэгт нь хүртэл тасралтгүй хийсэн цөөхөн улстөрчийн нэг яалт ч үгүй мөн. М.Энхболд дарга төрийн ажилд гаршсан, хатаагдсан, чанагдсан, жаргал зовлонг нь мэдэрнэ. Нөгөө талаас хувь хүнийх нь ноён нуруу цаашдаа Монголын төрийг зөв, тогтвортой болгож, хууль номын хүрээнд төрийн ажлыг авч явахад М.Энхболд даргын төрөлх зан чанар, хүлээцтэй байдал хэрэг болно гэж ойлгож байгаа.
Энэ сонгуульд хар бараан зүйл гарч байгаа нь нэр дэвшигчдээсээ үүдэлтэй. АН-аас Р.Амаржаргал нэр дэвшсэн бол хар пиар, мэдээ явж, олон түмнийг сэтгэлгээний хувьд төөрөлдүүлэхгүй байсан байх. Хувь хүний зан араншин Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ч таагүй байдал бий болгож байгааг хэлэх хэрэгтэй. Монголын 3 сая ард түмний эв нэгдлийн баталгаа болж, нам, эвсэл ялгахгүйгээр бүгдийнх нь эв нэгдлийг хангаж, улс төрийн тогтвортой байдал, тайван амьдралын төлөө албан тушаалд өрсөлдөж байгаа хүмүүс хар бараан сурталчилгаа хийж байгаад харамсаж байна.
Төмөр замын асуудлаас болж улс хоорондын харьцаа туйлын таагүй болсон. Хойд айлтай эхлээд яриа хэлэлцээ хийж байхдаа урд айлд очоод төмөр зам барина гээд гарын үсэг зурчихсан. 2011 оны долдугаар сарын 21-нд урд айлын Тээврийн дэд сайд ирж, санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ үедээ Солонгосын компанитай нууц гэрээ давхар хийж, Сөүлд гарын үсэг зурахдаа дэд даргаар нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг тавьсан. Эцсийн дүндээ ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ-ыг хамтад нь хуурсан уйваагүй явдал Монголын нэр хүндэд таагүй нөхцөл үүсгэсэн. Үүн дээр ямар ч маргаан байхгүй. Гарын үсэг зурагдсан бүх баримт бичиг надад байна. Сүүлд нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 680 сая ам.доллар босгосныг Н.Алтанхуяг унагасан гэсэн. Гэтэл Н.Алтанхуяг үүнийг нь үгүйсгэсэн. Ийм уйваагүй үйлдэл хийсэн хүн Төрийн тэргүүнийг сонгох өрсөлдөөнд оролцож байгаа нь таалагдахгүй байна. 2012 онд хувийн компани 247 км төмөр замыг мөнгөөрөө босгох байсныг замаас нь оролдож, одоо гэм зэмгүй явж байна.
Төрийн тэргүүнд нэр дэвшигчидтэй бид УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хамт байлаа. Гурвууланг нь бид мэднэ. Бид гурав өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиас илүү маш идэвхитэй явж байгаа. Шал өөр гурван хүн нэр дэвшсэн явж байгаа. М.Энхболд ноён нуруутай, нөгөө хоёр нь чонодуу санаатай хүмүүс. Х.Батулга өөрийн намын хоёр Засгийг огцруулсан хүн. Улс төрийн ийм түүхтэй хүнийг Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдүүлсэнд АН-д одоог хүртэл гайхаад сууж байна. Х.Баттулгад нэг л сонирхол байгаа, тэр нь Тавантолгой. Тавантолгойг зөвхөн Х.Баттулга авах ёстой гэсэн байр суурьтай хүн. Ц.Элбэгдорж “Чи өөрөө ч ажил хийхгүй, хүнийг ч ажил хийлгэхгүй байна” гэсэн бичлэг яваад байгаа.
Эвтэй, нэгдэж ажиллавал Монгол Улс хөгжих замдаа орсон
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин:
Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Ямар нэг ялгаварлан гадуурхахыг дэмжихгүй. М.Энхболдыг хэвлэлээр яваад байгаа шиг муу хүн байсан бол МАН нэрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байсан. Монгол Улсын бодлого шийдвэрийг хэрэгжүүлж чадах хүн бол М.Энхболд.
Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явах биш төмөр замын асуудлаа шийдэх ёстой. Нууцаар төмөр зам барьдаг улс гэж хаа байсан юм. Оффшорт 1.1 тэрбум ам.долларын хөрөнгийг нуусан байна. Энэ нь монгол төгрөгөөр 2.6 их наяд. Монгол Улсын төсвийн орлогын 50 хувьтай тэнцэх мөнгө. 40 гаруй компанитай, 200 гаруй га газартай, оффшорт 1.1 тэрбум ам.доллартай хүн яаж Монгол Улсын төрийн тэргүүний ажлыг хийх вэ. Ёстой л чөлөөт цагаараа хийх байх.
Энэ удаагийн сонгуулиар хэн юу хийсэн бэ гэдгийг нь харьцуулж, сонголтоо хийгээсэй. Хэрүүл дундаас ард түмэн хожигддог. Эвтэй нэгдэж ажиллавал Монгол Улс хөгжих замдаа орсон.
МАН амлалтаасаа буцаагүй
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Иргэд маш их сэтгэл зовниж байна. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч нь тохитой, нуруутай хүн гарч, төрийг тогтвортой явуулахын төлөө байгаагаа ард түмэн хэлж байна. Төр тогтвортой, тайван амгалан амьдрах хэрэгтэй. Нэгэн зүгт хараад эдийн засгийн хямралаа гэтлэн давах хэрэгтэй. Энэ янзаараа яваад байвал 2018 оны энэ үед хуучин байдалдаа очих төлөв харагдаж байна. Үүний тулд төрийн дээд институци зөв ажиллах хэрэгтэй.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард түмнээсээ асууж шийдэхийг М.Энхболд дарга надад хариуцуулан хэлж байлаа. Ингэхдээ төрийн хариуцлага, төрийн хяналт шалгалтыг бэхжүүлэх, төрийн албыг тогтвортой мэргэшсэн шатлан дэвжих асуудлыг шийдэх хэрэгтэй гэдгийг хэлж байсан.
Иргэдтэй уулзаж байхад МАН амлалтаасаа буцсан, хулхи нам гэж байна. Бид амлалтаасаа буцаагүй. Эдийн засаг сайжраад ирэхээр амлалт хэрэгжээд явна. Төрийн тэргүүнээ сонгох сонгууль маш хар бараан мэдээлэлтэй явж байна. Бид төрөө дээдэлдэг ард түмэн. Манай ард түмэн хэрсүү, ухаантай ард түмэн. Маш ухаалаг сонголт хийнэ гэж найдаж, итгэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ