Nikkei: Шийдвэрлэх шатны сонгууль явагдаж болзошгүй

img

Nikkei: Шийдвэрлэх шатны сонгууль явагдаж болзошгүй

 

Японы хамгийн том эдийн засгийн “Nikkei.com” сайтад дараах мэдээлэл гарчээ. Үүнд “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь удаагийн бүрэн эрхийн хугацаа ирэх сард дуусч байгаа. Үүнтэй холбогдуулан даваа гарагт монголчууд гурван нэр дэвшигчдээс сонголтоо хийн, дараагийн шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.

 

Сонгуулийн өрсөлдөөнийг өнөөгийн УИХ-ын дарга, эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд тэргүүлж байна. Түүнчлэн тэрбээр дэмжигчдийнхээ тоог улам ахиулахыг хичээж байгаа бол  өрсөлдөгч АН-ын нэр дэвшигч Х.Баттулга эх оронч залуусын дэмжлэгийг авахыг зорьж байна.  Тодруулбал, Монголын жүдогийн холбооны Ерөнхийлөгч  Х.Баттулга өнгөрөгч пүрэв гарагт хийсэн уулзалтынхаа үеэр “Би Монголын баялгийг гурван сая ард түмэндээ эргүүлэн авчрах болно” гэж хэлжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний дээд командлагчийн үүрэг гүйцэтгэхээс гадна УИХ-аас гаргасан шийдвэрт хориг тавих эрхтэй. Өнгөрсөн жилийн парламентын сонгуульд МАН ялалт байгуулсны  дараа нэр дэвшигч М.Энхболд Ерөнхий сайд болох ёстой байсан юм. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд төсвийн шинэчлэлийн төлөөх  “Эв нэгдэл”-ийг онцолж, гадны хөрөнгө оруулалт, эдийн засгийн шинэчлэлтийн талаарх бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн юм.

 

Эхэндээ тэрбээр сонгуульд ялах нь бараг тодорхой байсан. Гэвч, нийслэлийн албан тушаалыг үнэлэн наймаалцсан гэх авлигын дуулиан гарснаар дэмжигчдийнх нь тоо буурсан билээ. Саяхны олон нийтийн дунд явуулсан  санал асуулгын дүнгээс үзвэл М.Энхболд, Х.Баттулга нарын аль аль нь 30 гаруй хувийн санал авсан бол түүний араас С.Ганбаатар 10-20 хувийн санал авахаар байв.  М.Энхболдыг ихэвчлэн ахмадууд дэмжих хандлагатай байна. Түүнчлэн, нэр дэвшигч С.Ганбаатар ч,  гадаадын байгууллагаас хандив авч буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбоотойгоор “үүлэн дээрээс унасан” юм.  Ингэснээр бизнесийн туршлагатай Х.Баттулгыг дэмжигчид нэмэгдсэн. Гэхдээ АН-ын нэр дэвшигч ч цэвэр байсангүй. Түүний талаар ОХУ-тай гүн харилцаатай, хилийн чанадад 898 сая ам.доллар нуусан гэх зэрэг мэдээлэл  гарсан.  Ямартай ч, даваа гарагийн сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч олонх болж чадаагүй тохиолдолд, хамгийн олон хувийн дэмжлэг авсан хоёр нэр дэвшигчийн хооронд шийдвэрлэх шатны санал хураалт болно. Ингэснээр 1993 онд анхны Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш анх удаагаа  тус улсад шийдвэрлэх шатны сонгууль болох юм” гэсэн байна.

 

Эх сурвалж: mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ