Монголчууд өчигдөр гайхалтай зүйлийг харууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хөндлөнгөөс ажигласан олон улсын сонгуулийн ажиглагчид сонгуулийн дараах урьдчилсан үнэлэлт дүгнэлтийг танилцуулж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн ч шүүхийн шатанд байгаа хэргүүдийн улмаас нэр дэвшигчдийн талаар сонгогчдод эргэлзээ төрүүлэхэд хүргэлээ гэж олон улсын ажиглагчид хэллээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа өргөн дэлгэр цацагдсан хэдий ч дүн шинжилгээ хийх мэдээллээр дутмаг байлаа гэж дүгнэсэн байна.
ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики “Энэ удаагийн сонгууль нь өрсөлдөөнтэй, Монгол Улсын ардчилалын зарчмаар явагдаж, өгөөжтэй сонгууль болж өндөрлөлөө. Шүүхийн шатанд нэр дэвшигчидтэй холбоотой хэргүүд шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа нь эргэлзээ, төөрөгдөл төрүүлж байгаа тул үүнийг анхаарах хэрэгтэй. Хоёр дахь шатны санал хураалтаар сонгуулийн эерэг үйл явц бүхэлдээ дахин баталгаажна гэдэгт би найдаж байна” хэмээлээ.
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ нь сонгуульд оролцогчдын итгэлийг хүлээж, богино хугацаанд багтаан, ил тод байдлаар мэдээлэл хүргэж ажилласан гэж дүгнэлтэд тэмдэглэжээ. Энэ талаар ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос “Монголчууд өчигдөр үнэхээр гайхалтай зүйлийг харууллаа. Монголчууд дараагийн ерөнхийлөгчөө сонгох боломжийг эдлэн санал авах байруудад технологийг хэрхэн сайн ашиглаж байгааг хараад Европын олон улс төрч атаархсан биз ээ” гэв.
Нэр дэвшигчид асуудлыг хөндөхдөө харилцан бие биенээ буруутгаж байсан нь үнэмшихүйц мэдээлэл болж чадсангүй. Иймд сонгуулийн сурталчилгаа нь сонгогч ялангуяа залуучууд саналаа өгөхөд хойрго хандахад нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэжээ.
Олон улсын сонгуулийн ажиглалтын хороо нь ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар (ЕАБХАБ-ын АИХЭГ), ЕАБХАБ-ын Парламентын ассемблей (ЕАБХАБ-ын ПА) болон Европын парламент (EП)-ын хамтарсан үйл ажиллагаа явуулдаг аж.
Олон улсын ажиглагчдын хороо нь гадаадын 30 улсаас ирсэн 66 ажиглагчаас бүрдэж байгаа бөгөөд үүнд ЕАБХАБ-ын АИХЭГ-аас илгээсэн 35-н урт хугацааны ажиглагч, шинжээч, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейг төлөөлж буй 22, Европын парламентыг төлөөлж буй 9 парламентын гишүүд болон холбогдох албан тушаалтнууд багтаж байгаа юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ