Х.Баттулга: СЕХ эрх баригчдад үйлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 9-нд зохион байгуулахаар тов зарлаад байна. Үүнтэй холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга: Сонгууль нэлээд хүнд боллоо. Бид бүгд харлаа, үзлээ. Гэхдээ ялалт байгуулсан. Бусад нэр дэвшигчээс 110 мянгаар илүү санал авна гэдэг илт давуу ялалт байгуулсан. Гэвч хуулийн заалтад үндэслэн хоёр дахь шатны санал хураалтыг зарлаад байна. Иргэд баялагийг хулгайгчид буюу оффшор данс эзэмшигч улс төрчдийн эсрэг, 60 тэрбумын газрын наймааны эсрэг санал өгсөн. Гэтэл наадмыг далимдуулж зориудаар ирц бүрдүүлэхгүй байх башир арга хэрэглэж хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 9-нд зохион байгуулах гэж байна гэж харж байна. СЕХ эрх баригчдад үйлчилж байна. Гурван нэр дэвшигчээс миний бие олонхи болсон гэдгээ зарлахад таатай байна” хэмээлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ: Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад сонгогчид хамгийн олон саналыг өгсөн. Ийм учраас нийт санал өгсөн сонгогчиддоо, монголчууддаа АН-ын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ удаагийн сонгуульд урлаг соёл, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо тэгш биш байсан. Дараа дараагийн санал асуултад тэгш хандаж, үүргээ биелүүлж ажиллахыг хүсч байна” гэв.
АН-аас сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг ажлын өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 6-ны өдрийн Пүрэв гарагт зохион байгуулахыг СЕХ-оос шаардаж, албан бичиг хүргүүлжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ