Сонгогчийн саналын нууцлал алдагдах магадлалтай байжээ

img

 

Далд сурталчилгаа агуулсан мэдээлэл их илэрчээ

 

Сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийсэн талаар “Глоб интернэшнл” төвөөс хэвлэлийн бага хурал хийлээ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн ы телевизийн мониторингод  МҮОНТ, ТV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн 5 телевизийг хамруулан сонгожээ.  МҮОНТ-ийн нэр дэвшигчдэд оноосон цаг тэнцвэргүй  байна.  МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 54 хувийг захиалгат нэвтрүүлэгт, 38 хувийг сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэлд зориулсан байна.

 

Мониторингийн хугацаанд таван телевизийн 1691 цаг 13 минут 42 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 135 цаг 54 минут 10 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.  Сонгуулийн албан ёсны сурталчилгааны хугацаанд МҮОНТ нийт эфирийн 8 хувийг сонгуультай холбоотой мэдээлэлд зарцуулжээ. Тус телевизээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын талаарх мэдээлэл 38 хувийг, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нарт тун ойролцоо цаг оногдсон нь адил тэнцүү 31 хувийг эзэлсэн байна.  Харин Арилжааны телевизүүд аль нэг нэр дэвшигчийг онцлон илүү цаг зарцуулжээ. Тухайлбал “UBS”, “25 дугаар суваг” телевизэд нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл давамгайлсан бол С1 телевизэд нэр дэвшигч М.Энхболд, TV9 телевизэд нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээлэл илүү цаг эзлэв.

 

Арилжааны дөрвөн телевизийн дунджаар хамгийн их цагийг МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод, хамгийн бага цагийг МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт зарцуулсан байна.  Телевизүүдэд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл ихээр илэрсэн байна.

 

Өндөр настны өмнөөс хамт яваа хүн нь саналын хуудас бөглөжээ

 

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 100 гаруй ажиглагч зургадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах болон техникийн тооллого хийх үйл явцыг ажиглаж Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьжээ. Ажиглалт Улаанбаатар хотын нийт хэсгийн хороодын 12 хувь буюу 6 дүүргийн нийт 50 хэсгийн хороог хамарсан байна.  Сонгуулийн санал хураалт дуусахад ажиглалтад хамрагдсан 50 хэсгийн хорооноос  23-д нь техникийн тооллого явагджээ.

 

Ажиглалтын явцад сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй  байна. Харин зохион байгуулалт болоод сонгуулийн өдрийн үйл явцын ил тод байдлыг сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна.   

 

Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал, сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд үзүүлэх дэлгэцийг бэлдсэн зэрэг хэсгийн хороодын зохион байгуулалт сайн байсан хэдий ч саналын бүхээгүүдийг хооронд нь хэт ойр зайтай байрлуулснаас сонгогч саналаа нууцаар бэлтгэх боломж бага, саналын нууцлал алдагдах магадлалтай гэж үзжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байршил, тэргэнцэртэй иргэдийг зорчих налуу замыг урьдчилан бэлтгээгүй зэрэг дутагдал илэрчээ.

 

Сонгуульд санал өгөхтэй холбоотой мэдээлэл сонгогчдод байсан байна. Жишээлбэл, сонгогч саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх талаарх мэдээлэл дутмагаас болж 2000 гаруй саналын хуудас хүчингүй болжээ. Мөн зарим хэсэгт саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад хүндрэлтэй байснаас сонгогчийн саналын нууцлал алдагдах, бусад хүмүүст харагдах тохиолдлууд гарч болзошгүй байжээ.

 

Түүнчлэн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой оршин суух харьяалал мөн боловч сонгочдын нэрсийн жагсаалтанд байхгүй 18, хаяг дээр байхгүй хүнийг нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн 58 тохиолдол бүртгэгджээ.

 

Сонгогчийн хувьд бэхэн тэмдэглэгээг эсэргүүцсэн 45, өндөр настны өмнөөс хамт яваа хүн бөглөсөн 28 тохиолдол, саналын хуудасны зураг авах, сонгогчид хоорондоо ярилцах гэсэн зөрчлүүдийг ажиглагдсан байна.

 

Ажиглалт явуулсан хэсгийн хороодын хувьд 50 хувьд нь намын ажиглагчид, 60 хувьд нь сонгогч гомдол гаргасан гэсэн боловч 50 хувьд нь хэсгийн хорооны ажилтнуудын санал гомдлыг хүлээн авч, тэмдэглэл хөтлөөгүй аж.

 

 

Санал тоолох машины дүн болон гараар хянаж тоолсон дүнгийн зөрүүгүй байна

 

Ажиглагчдаас ирүүлсэн мэдээллээс үзвэл хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаатай холбоотой хүндрэлүүд тэмдэглэгдээгүй байна гэж дүгнэжээ.  Хэсгийн хороодын 91 хувь нь сонгогч тус бүрийн хурууны хээг уншуулан таниулж, иргэний үнэмлэхний мэдээлэлтэй тулгаж нягталж байсан. Зарим хэсгийн хороод хурууны хээ уншиж буй тохиолдолд, иргэний үнэмлэх шаардаагүй байна. Мөн долоовор хурууны хээ таниагүй тохиолдолд хэсгийн хороодын 90 хувь нь бусад хуруунуудыг уншуулж байсан байна.

 

Зарим хэсгийн хороод дээр иргэд төхөөрөмжинд саналын хуудас уншуулахдаа хавтастай нь хийсний улмаас төхөөрөмжийг гацаах, гэмтээх  тохиолдол гарчээ. Үүний улмаас төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг засахад дээд тал 60 минут хүртэл хугацаа зарцуулах, нэг төхөөрөмжтэй нэг хэсгийн хороо санал авах ажиллагаа завсарлахад хүрсэн байна.

 

Хэсгийн хороодод санал тоолох ажиллагаа завсарлалгүй шууд явагдсан ажээ. Нийт хэсгийн хороодын 95 хувь нь саналын хуудасны дүнг ажиглагчдад хэвлэж өгчээ.

 

Техникийн тооллого хийгдсэн хэсгийн хороод дээр санал тоолох машины дүн болон гараар хянаж тоолсон дүнгийн зөрүү гараагүй байна.  Мөн ажиглагчдад мэдээлэх шаардлагатай зарим мэдээллийг дутуу хэлэх, орхих, санал тоолох төхөөрөмжийн гэрчилгээ, серийн дугаарыг тэмдэглэх боломж өгөхгүй байх, саналын хуудасны зурган файлыг хуулбарлан авах боломжоор хангаагүй тохиолдлууд гарчээ.

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ