Дөрвөн аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ

Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Архангай аймгийн төвд 3000 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар, өнөөдөр гэрээ байгууллаа. Гэрээг БХБЯ, Сангийн яам, Азийн хөгжлийн банкны удирдлагууд баталгаажуулав.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нийт 21.7 сая ам.доллар шаардлагатай бөгөөд Монгол Улсын Засгийн газар 1.74 сая ам.доллар гаргах бол Билл Гейтсийн сан нэг сая ам.долларын буцалтгүй тусламж олгох аж. Харин үлдсэн 19.43 сая ам.долларыг АХБ хөнгөлөлттэй нөхцөлөөр, 25 жилийн хугацаатай олгох юм байна.
Төслийн удирдлага,барилга угсралтын ажлын тендерийн баримт бичиг боловсруулах зөвлөхөөр БНХАУ-ын “Изень интернэшнл” ажиллах бол туслан гүйцэтгэгчээр Монголын “Монхидро констракшн” компани шалгарчээ. Төслийг энэ оны гуравдугаар улирлаас хэрэгжүүлж эхлэх бөгөөд ирэх оны сүүл гэхэд бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Цаашдаа Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгийн төвд шинэ цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөн, судалгааны ажлыг эхлүүлээд байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ