“Ардын үг” ажлаа тайлагнадаг соёлыг бий болголоо

“Ардын үг” зөвлөлдөх ардчиллын аяны хаалтын ажиллагаа боллоо. Уг аяныг Монголын медиа корпорациас санаачлан Монголын зөвлөлдөх ардчиллын хүрээлэн, “МЕК” судалгааны төв хамтран Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажилуудад үнэлэлт дүгнэлт өгөх, ажлын тайланг нь зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгүүийг цувралаар зохион байгуулжээ. Санамсаргүй түүврийн аргаар иргэдийг сонгож, үндэсний аюулгүй байдал, Монгол өв соёл, дархлаа, шүүх засаглал, ногоон хөгжил, иргэдийн оролцоо, батлан хамгаалах гэсэн сэдвээр 6 удаа хэлэлцүүлэг өрнүүлж, Ерөнхийлөгчид дүн тавиулсан байна. Дээрх зөвлөлдөх ардчиллын дагуу иргэдээрээ дүн тавиулсан Ц.Элбэгдоржид Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын эксперт”-үүдийн захиас, даалгавар, санал бодол, байр суурь зэргийг багцлан багтаасан “Ерөнхийлөгчийн замнал.мон” цахим хуудсыг хүлээлгэн өгч байгаа аж. Уг ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан оролцож хэлсэн үгэндээ:
-Ерөнхийлөгч өнгөрсөн найман жилд жил болгон УИХ-д ажлаа тайлагнадаг байсан. 2015 онд 2009 оноос хойшхи бүрэн эрхийн хугацааны тайлангаа тавьж байлаа. Харин “Ардын үг” аянаар дамжуулж Ерөнхийлөгчийн ажлын тайланг хэлэлцүүлэх санал ирүүлсэнд талархаж хүлээж авсан. 6 сэдвийн хүрээнд мэдээллээ хүргэхээр төлөвлөсөн байлаа. Тухайн үед сэдэв нь олон байна гэсэн бодол төрж байсан ч хэлэлцүүлгийн явцад нэмэлт сэдвүүд ч өрнөхөөр харагдсан. Монголын медиа корпорациас санаачилсан энэ аян сонгогдсон томилогдсон хүмүүс тайлангаа тавьдаг томоохон соёлыг бий болголоо. Энэ бол нийгэмд маш хэрэгтэй зүйл. Сонгогдсон томилогдсон хүмүүс юу хийсэн бэ гэдгийг мэдэж авдаг, нөгөө талаас цаашид юу хэрэгтэй мэдэж авдаг. Цаашид энэ ажлаа амжилттай үргэлжлүүлж, жишиг болгоорой гэж хэлье хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ