АН-ын удирдлагууд Төрийн ордны А танхимд мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ:
-Сонгуулийн сурталчилгаа хаагдсан. Гэтэл эрх баригчид хууль зөрчиж, төрийн эрх мэдлээрээ далайлган, МАН-ын дарга М.Энхболд төлбөрт мэдэгдэл хийлээ. Энэ бол хууль зөрчсөн ноцтой үйлдэл. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хууль дээдлэн ажиллах хуультай. Өөрт ногдсон эрх ашгаараа хууль зөрчиж байгаад харамсаж байна. Энэ сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялагч байх гэсэн эрх баригчдын уйваагүй үйлдэл хэрээс хэтэрч байна.
Төрийн ордон гэдэг бол тусгай хамгаалалттай бүс. Тэр дундаа УИХ-ын даргын өрөө гэдэг онцгой хамгаалалттай байдаг. Хэн нэгэн орж, бичлэг хийгээд байдаг зүйлгүй. Эрх баригчид “Ард түмэн Сарандаваагийн үгэнд итгэж байгаа гэх зэрэг яриа бол ямар ч эвлүүлэггүй бичлэг. Үүнд АН-ын оролцоо байхгүй. МАН-ын гишүүд дотроосоо гаргаж байгаа зүйл. Мэтгэлцээн гэдэг бол мэтгэлцээн биш зориуд зохион байгуулалттай бэлтгэсэн жүжиг байжээ.
Нэр дэвшигч С.Ганбатаар, Х.Баттулга нарын дүрд Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нар тоглож, М.Энхболд өөрийнхөө дүрд тоглож, төрийн эрх мэдлийг хүч түрэн авах гэсэн үйлдэл. АТГ-тай холбогдох нэвтрүүлгийг хэн нэгэн зохион байгуулаагүй. АН-ын оролцоо өөдсийн чинээ ч байхгүй. Чөлөөт уран бүтээлчид хаанаас юугаа олоод, олон нийтэд юугаа үзүүлэх нь эрх чөлөөгүй асуудал.
60 тэрбум төгрөгийн 90 минутын бичлэг бол нэг газарт, нэг цагт бичсэн гэдгийг гадаадын өндөр мэргэжилтнүүд хэлж байна. Өнөөдөр ичгүүр сонжуургүйгээр 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэж ярьж байгаа хүн Ерөнхийлөгч болж чадах уу. Өнөөдрийн хүртэл хууль, цагдаагийн байгууллага дээр нэг ч хөдөлгөөн хийхгүй байна. Төрийг хууль бусаар худалдан авах гэсэн гэмт хэргийг сонгууль өнгөртөл чимээгүй байлгах гэж байна. 60 тэрбумын бичлэг гэдэг Монгол төрийн эрх мэдлийг яаж хууль бусаар аваад, зарж мөнгө болгох вэ гэсэн ноцтой үйлдэл. Эвлүүлэг байсан гэдэг ганц үгээр няцаах гэж байгаа нь эрх баригчдын арчаагүй үйлдэл. Ард түмэн үнэн худлыг ялгасан байх.
Төсөвт тодотгол хийхгүйгээр хүүхдийн мөнгийг олгож болохгүй
Эрх баригч намын Засгийн газар ноцтой хэд хэдэн шийдвэр гаргалаа. Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш юм. Хүүхдийн хөгжил хамгаалалд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Энэ мөнгийг 2012 онд Сү.Батболдын Засгийн газар зогсоосон байсан. Бид хүүхдийн мөнгийг 20 мянга болгож олгож эхэлсэн. Ноднин хүүхдийн мөнгийг эрх баригчид зогсоосон. ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэгт хүүхдийн мөнгийг хасна, багасгана гэдэг амлалт авснаа хэлж байсан. Гэвч ОУВС-тай зөвшилцсөн ямар ч баримт байхгүй. Хүүхдийн мөнгийг Засгийн газрын шийдвэрээр биш УИХ-ын тогтоол гаргаж, төсвийн тодотголд тусгах ёстой. Урьдчилан тооцоогүйгээс төсвийн урсгал зардал нэмэгдвэл улсын төсөвт тодотгол хийх хуулийн заалттай. Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгох гэж байгаад талархаж байгаа ч худал хуурмаг байдлаар энэ шийдвэрийг гаргаж байгааг бид эсэргүүцнэ. Эх үүсвэр нь хаана байна. Ард түмэн тэнэг биш. Хүүхдийн мөнгийг олгоход ОУВС-тай ярьсан уу, төсвийн тодотгол хийхгүйгээр энэ мөнгийг яаж олгох вэ?
“Эрдэнэт” өнөөдөр хэний ч өмч биш
АН уул уурхайтай холбоотой ард түмэнд ногдол ашгийг олгохыг шаардаж байгаа. Үүнд ч бид ажиллаж байна. Бид оюутны, цалингийн, тэтгэврийн зээлийг тэглэе гэдэг санал оруулсан. Тэд уул уурхайгаас олж байгаа орлогыг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр олгох хэрэгтэй. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 49 хувь хэний ч өмч биш, шүүх түдгэлзүүлсэн байгаа. Өөрт ирээгүй өмчөөс ногдол ашиг тараана гэж байж болохгүй. Уул уурхайн ашигт малтмалаас олж байгаа орлогоос ард түмэнд ногдол ашиг тараах ёстой.
МАН Сонгинохайран, Баянзүрх дүүрэгт хоёр хоёр тэрбум төгрөг тараах гэж байна
Говь-Алтай аймагт их хэмжээний мөнгө тараах гэсэн гүтгэлийг АН эсэргүүцэж байна. Бид баруун таван аймгийн АН-ын сонгуульд ажиллаж байсан хүмүүсийн унааны, хоолны зардлыг олгох гэж байсан. Цагдаа хүчний байгууллага эрх баригчдын талд хэтэрхий уйваагүй ажиллаж байна. АН өнөөдөр гэм буруутайдаа хүлцэнгүй хандаад байгаа юм биш. Бид өнөөдөр нийгмийг эмх замбараагүй байдалд турхирахгүй байх, амгалан тайван байдлыг хангах үүднээс АН хүлээцтэй хандаж байгаа. Хэнтий аймгийн намыг даргыг барьж, саатуулсан байгаа. Цагдаагийн байгууллага хэн нэг эрх барьж байгаа намын ташуур байж болохгүй. Дөрвөн аймгийн манай намын дарга нарыг цагдаагийн байгууллага цагдан хорьж, мөнгө авсан уу, тараасан уу гэдэг байцаалт авсан байна. Ингэж болохгүй. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргалаа. Сонгуулийн өмнө зогсоосон байсан шийдвэрээ сонгуультай холбоотой буцаан гаргаж байгаад харамсаж байна.
Төрийн албыг сонгууль хүчээр дайлчилж байна. Ховд, Говь-Алтайд сонгуулиар ажилласан Гэмтлийн эмч нар осолд орж Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн. Өнөөдөр ЗТХЯ-ныхан Жаргалантын аманд амрахаар явж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хоёр хоёр тэрбум төгрөг тараахаар болсон байна. Сонгогчдын иргэний үнэмлэхийг худалдан авч байна. Монголын ард түмэн сонголтоо баталгаажуулна гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн мэдээлэв.
Н.Энх