МАХН-ын сонгуулийн төв штабын дарга Ц.Оюунбаатар, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар нарын хүмүүс мэдээлэл хийлээ. Тэд “Цагаан сонголт”-ыг сурталчилж яваа хүмүүсийг цагдаагийн байгууллагаас хууль бусаар саатуулж, баривчилж байна гэсэн мэдээллийг өгөв.
С.Ганбаатар иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Мөн тэрбээр “Миний бие Монгол төрийг хулгайгүй болгохын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Төр хулгайгүй болвол олон хүн ажилтай болж, олон сургууль, цэцэрлэг, үйлдвэр баригдана гэсэн зорилго тээж орсон. Монголын ард түмэн дэмжсэн, бид ялсан. Хагас сая хүн биднийг дэмжсэн. Бид ялсан, тэд луйвардсан. Бид МАНАН-ын хууль бус үйл ажиллагаатай эвлэрэхгүй, тэмцэнэ. Гэхдээ бид ард түмнээ хүчирхийлэлд уриалан дуудахгүй. УИХ-д СЕХ-г татан буулгах шаардлагаа тавьсан байгаа. Монголын ард түмнийг хэдэн төгрөгөөр худалдаж авна гэж боддог энэ бодлоосоо нэр дэвшигчид сал. Монголчууд худалдагдахгүй гэдгээ нотолж, бидэнд саналаа өгсөн. Бид хагас сая хүнийхээ итгэл, сэтгэлийн төлөө зүтгэнэ, тэмцэнэ” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Харин Ц.Оюунбаатар “Цагаан сонголт”-ын талаар мэдээлэл өгөв. “Манай нам иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байгаа. Ингэхдээ Сонгуулийн хуулийн заалтыг сурталчилж байгаа. Гэтэл цагаан хуудсыг ярьж, дэмжиж байгаа хүмүүсийг элдвээр дарамтлах, баривчлах, мөрдөн мөшгих, цагдаагийн байгууллага дээр олон цагаар суулгах явдал гарч байна. Тухайлбал, Хэнтий, Өвөрхангай аймагт ийм асуудал гарлаа. Мөн Хан-Уул дүүргийн 17, 19 дүгээр хороонд ажиглалт хийж байсан манай хүмүүсийг цагдаа хууль бусаар саатуулсан байна. Сонгуулийн хуулийг сурталчилсан хүмүүсийг саатуулж байгаа нь сонгуулийн өдөр хүний эрхийг зөрчиж байгаа явдал” гэсэн мэдээллийг өглөө.
В.Бат