Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэв

img

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын чуулганы нэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.   Уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

 

Хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны дүнг танилцууллаа. Үүний дараагаар гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-СЕХ сонгуулийг хууль ёсны,  шударга явууллаа гэж байна. Хууль бус зүйл их гарсан. Цаашдаа ард иргэд, улс оронд хөгжил хэрэгтэй. Мөнгө төгрөг аваад сонгогддог иргэд байхаа больсон.  

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

 

-СЕХ хуралдаанд 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хуулийн дагуу болс он гэж үзсэн. Энэ дагуу шийдвэрээ гаргасан. Анхан шатны санал хураалтаар гурван нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй. Хоёр дахь шатны санал хураалтаар нэр дэвшигчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ гэж хуулинд заасан. СЕХ хуулийн дагуу ажилласан. Мөн сонгуульд ажилласан 25 мянган ажилчид хуулийн дагуу ажилласан гэж үзэж  байгаагаа хэлье.

 

ЗХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Энэ жилийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль олон юмны анхдагч боллоо. Анх удаагаа хоёр шатлалтай, анх удаа маш их хар хөө бие бие рүүгээ цацсан сонгууль болсон. Наадмын дараа намар болно. Сүүлийн хэдэн жил үе үеийн Ерөнхийлөгч нар өөр өөрсдийн эрх мэдлийг хангахын тулд янз бүрийн хуульд өөрчлөлт хийсээр ирсэн. Тийм учраас Ерөнхийлөгч нар Үндсэн хуулиа өөрчилж, цэгцэлж авах хэрэгтэй. Сонгуулийн булхай боллоо гэхэд шүүх эцсийн шийдвэр гаргадаг. 14 хоногийн дараа шүүхийн шийдвэр гардаг. Гэтэл тэр хооронд сонгууль дуусдаг. Мөнгө, төгрөгийг хэдэн тэрбум төгрөгөөр нь авч яваад баригдлаа гэхэд хуулийн зохицуулалт байхгүй байна. Тиймээс хуулиудаа цэгцлэх шаардлага ирж байна. Улс төрийн сонгууль бол шоу биш.

 

УИХ-ын гишүүн Б.Цэрэнбат:

 

-Энэ сонгууль хэд хэдэн хууль зөрчлөө. СЕХ хатууд хатуу, зөвд зөөлөн байх хэрэгтэй байна. Яагаад хоёр дахь шатны санал хураалт долдугаар сарын 9 гэж зарлачаад 7-нд болгон өөрчилсөн юм бэ. Энэ сонгууль шударга бус болсон.

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

 

-Сонгуультай холбоотой иргэдээс 600 гаруй гомдол ирсэн. Түрүүчээсээ шийдвэрлээд явж байна гэсэн. Хуулийн дагуу явж байгаа.

 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

 

-Олон улсын ажиглагчид хууль бус үйлдлүүд их гарсан гэж үзэж байна. Үүнд СЕХ, Төрийн байгуулалтын байнгын хороо юу гэж үзэж байна вэ. Ард түмний төрд итгэх итгэл алдагдсан, харууссан сонгууль боллоо гэж үзсэн.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-Байнгын хорооны хуралдаанаа эрхзүйн зохицуулалт байхгүй байгааг хэлсэн. Тиймээс эхний ээлжинд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь батлахаар УИХ, орон нутгийн сонгуулийн дараа УИХ ярьсан боловч дэмжигдээгүй. Хэлэлцээд явах нь зөв байж гэдэгтэй олон гишүүн санал нэгтэй байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа сонгуулийн хуулиа чухалчилж авч үзэх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Энэ Сонгуулийн хуулийн сайн тал нь богино хугацаатай байсан нь сайн байлаа. Хэрвээ урт хугацаатай байсан бол зарим нь төрөөр, зарим нь эдийн засгаар тоглоод дуусах байв. Сая бол нэр дэвшигчид өгсөн дүн биш, МАН-д өгсөн дүн. Суудал дээрээ байн байн хувирдаг, нэр дэвшигчийнхээ эсрэг дайрдаг.  Монгол төр урагшаагаа явах ёстой. Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна.

 

Сонгуулиар хураагдсан мөнгийг хүүхдийн цэцэрлэг болгоё. Хүүхдүүдэд цэцэрлэг хэрэгтэй байна. Ажлаар уралддаг сонгуулийг ажлаа л яръя. 

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эрхзүйн чадамжгүй гэж үзэж байгаа бол өнөөдрийн УИХ-ын гишүүд ч эрхзүйн чадамжгүй. Учир нь Сонгуулийн ерөнхий хуулиар бүх сонгууль явагдсан. Хэн нь хар пиар хийж мөнгө тараасныг Монголын ард түмэн ялгаж салгах байх. Монголын ард түмний үнэлэлт дүгнэлтийг хүндлэх ёстой. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад сэжигтэн гэж үзэх хууль эрхзүйн үндэслэл байхгүй. 

 

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тооцох санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжлээ. Ийнхүү Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь зөвшөөрөх тухай  тогтоолыг баталлаа.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Со дарга элдэв дарамт шахалт нөлөөнд авталгүй хуулийн дагуу сайн ажилласан шүү,ер нь хууль бус хар зүйлийг намууд л хийдэг,тэгээд сонгуулийн хороо руу дайрдаг аа болих хэрэгтэй
2017-07-30