Х.Баттулга: Туурга тусгаар улс орон минь хөгжин бадраг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2226 , Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Монгол түмний их баяр Монгол наадмын гэгээн өдрийн халуун мэндийг наадамчин түмэндээ дэвшүүлье. Тулгар төр байгуулагдсаны 2226 , Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, ардчилсан хувьсгалын 27 жилийн ойн энэ жил тохиож байна. Монголынхаа нэрийг өндөрт өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэл, өөрөө өөрсдөө эзэн байх их ухаан дээр эх орон минь өөдлөн дэвжиж явна. Тусгаар тогтнолын багана туг сүлд минь цэх байна. Хөдөлмөрч, хичээнгүй Монгол ялж, хөгжил дэвшлийн их замд тэмүүлж байна.
Баяр наадмын энэ өдөр ч бид хийж бүтээхээр төлөвлөж буй их ажлаа ярьж, хэлж байх ёстой гэж би бодож байна. Ажилгүйдэл, ядуурал ард түмний амьжиргааг дордуулж, хүлээс болж байгаа зарим өрийн асуудлыг шийдвэрлэхэд би анхаарлаа хандуулна. Эдийн засгаа сэргээн тогтворжуулж, бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхлүүлэх том зорилт бидний өмнө байгаа би наадмын энэ өдөр зориуд дурдаж байна.
Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй Монгол наадам маань бидний нэгэн чухал өв соёл билээ. Төрт ёсны их уламжлал, түүх соёлын гайхамшиг, түмэн олны сэтгэлийн цэнгэл хосолсон Үндэсний их баяр наадам маань дэлгэр зуны сайхан цагт ийнхүү эхэлж байна. Их түүх, хэл соёлоороо бахархан омогшдог Монгол хүн бүрийн сэтгэлд нар гийсэн наадмын сайхан өдөр зон олны минь сэтгэл тэнүүн, цог золбоо дүүрэн морь нь хурдан, бөх нь хүчтэй, харваач нь мэргэн байг.
Дэлхийд ганцхан Монгол наадам ийнхүү эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлаж байна. Сайхан наадацгаагаарай. Туурга тусгаар улс орон минь хөгжин бадраг. Түмэн олон минь амар амгалан байг ээ хэмээн баяр наадмыг нээж үг хэллээ.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч баяр наадмыг нээж үг хэлсний дараагаар төрийн есөн хөлт цагаан тугандаа мөргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Ийнхүү Монгол наадам эхэллээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ