40 тоннын чингэлэг ”приус” дээр унажээ

Сонгинохайрхан дүүргийн Х хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж, бэртжээ. Чингэлгийг кранаар өргөж байгаад “Приус-11” маркийн автомашины дээр алдсан байна.
Ослын тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:10 цагт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын аврах ангийнхан очиж, газар дээр нь ажиллан, чингэлэгт дарагдсан машинд байсан хүмүүсийг гаргаж, 103-т хүлээлгэн өгчээ.
Приус-11 маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд бүсэлхийнээс доош хэсгээрээ чингэлэгт дарагдсан байжээ.
Яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ