Сонгууль дуусч, амлалтаа хэрэгжүүлэх үлдлээ

Сонгуулийн жилүүд өндөрлөж, төр, засаг ард түмэнд амласан амлалтаа хэрэгжүүлэх цаг хугацаа үргэлжлэх нь. Ирэх жилүүдэд парламент дахь эрх баригч хүчин МАН шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгатай гар нийлэн ажиллаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлцгээнэ.
Олон нийт МАН-аас ч, шинэ Ерөнхийлөгчөөс ч амлалтаа хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн ажиллахыг өдөр бүр тандан, чих тавьж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангарагаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн шинэхэн өдрүүд үргэлжилж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газраа экс УИХ-ын дарга З.Энхболдоор удирдуулах анхны зарлигаа гаргаж, ажлаа эхлүүлсэн. Эдүгээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг зөвлөхүүдээ хэрхэн бүрдүүлэхээс эхлээд олон нийтийн дунд хүлээлт, ажиглалт үргэлжилж байна.
Цаашлаад Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй холбоотой хүлээлт ч нийгэмд бий. Тиймээс ч Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үг болгондоо хамтдаа бүтээн байгуулж, эх орноо хөгжүүлэхийг уриалж байгаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар араасаа бодлого нэхэж, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэл шаардаж байна. Олон түмний хүлээлт бол хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж ойлгож байна” гэдгийг онцолсон.
Тэр дундаа парламентад хандаж “Та биднийг хойшлуулшгүй шийдэх ёстой ажлууд шилээ даран хүлээж байна. Би нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл нь ноцтой хэмжээнд ирж, Үндэсний “аюултай” байдалд хүрчихээд байгаад би онцгой анхаарч бүх боломж, бололцоог үүнд чиглүүлэн, төвлөрч ажиллах болно.
Энэ зорилгын төлөө Засгийн газар, УИХ-тай хамтарч, нэгэн хүчээр үр дүнд хүрэхийг зорих болно гэдгээ та бүхэнд дуулгая. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг. Та бүхний зөв шийдвэр, зөв бодлого бүрийг би дэмжин ажиллах болно. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дулимаг боловсруулсан бодлого, шийдвэр, хууль тогтоомж гаргаваас засах, залруулахын төлөө шаардаж, шүүмжлэх болно” гэдгээ дуулгасан билээ.
Өнөөдөр парламентад МАН үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа. Эрх баригч хүчин өнгөрсөн нэг жилийн хугацаанд сэхээнд орсон эдийн засгийг энгийн тасагт шилжүүлж, ногоон гэрэл асааснаа мэдэгдэж байгаа. Үүнийг баримтаар дурдахад 2012-2016 онд тасралтгүй уруудсаар, 1.0 хувьд хүрээд байсан эдийн засаг эргэн сэргэж, 4.2 хувь өсчээ.
Төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж, алдагдал нь хоёр дахин буурсан байна. Төгрөгийн ханш чангарч, экспортын хэмжээ нэмэгдсэнээр гадаад худалдааны ашиг 1.0 тэрбум ам.долларыг даваад байгаа. Ажилгүйдлийн түвшин 2.5 хувиар буурч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 4 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Эрх баригчид цаашааид тогтвортой өсөлттэй эдийн засгийг төлөвшүүлж, иргэн бүр ажилтай орлоготой, айл өрх болгон сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр илүү ихийг хийнэ гэдгээ ч мэдэгдсэн.
Ажилгүйдлийг багасгаж, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийг сэргээж, иргэдийн амьжиргаад сайжруулах бодлогын тухайд төр, засгийн өндөрлөгүүд агаар нэгэн амлалт өгч, зорилт дэвшүүлсэн.
Тиймээс ирэх жилүүдэд Монгол Улсын хөгжил дэвшил Ерөнхийлөгч хийгээд эрх баригч хүчнээс ихээхэн хамаарна.
Төр түвшин, түмэн олон амгалан байг ээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ