Монголд баталгаажуулсан органик бүтээгдэхүүн байхгүй

Органик хүнсний тухай хууль 2016 онд батлагдсан бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд заасны дагуу ХХААХҮЯ-наас нийт 6 журам, 1 аргачлал, зөвшөөрөгдөх бодисын жагсаалтын төслийг боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлгийг Улаанбаатар хотод 19 удаа,13 аймагт тус бүр нэг удаа зохион байгуулсан аж.
Энэ удаад 2017 оны долоодугаар сарын 18-19-ний өдрүүдэд ХХААХҮЯ-ны байранд “Органик монгол бүтээгдэхүүний стандарт , баталгаажуулалт” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг органик хөдөө аж ахуйн хөдөлгөөнүүдийн олон улсын холбооны ерөнхийлөгч асан Гуннар Гундгрентэй хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын хүнсний тухай хуулинд “Органик хүнс” гэж мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай, Монгол улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүн гэж тодорхойлсон байдаг.
Энэ талаар ХХААХҮЯ-ний Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Тунгалаг "Монголд үйлдвэрлэсэн органик гэсэн баталгаажуулалттай хүнсний бүтээгдэхүүн одоогоор байхгүй. Энэхүү хуулийн гол зорилго нь хуурамч шошготой баталгаажуулалт хийгдээгүй органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг таслан зогсоож, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах явдал юм" гэлээ.
Ц.Тэнгисболд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ