Монголд жилд 18 мянган эмэгтэй үр хөндүүлдэг

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд жил бүрийн долоодугаар сарын 11-нийг Дэлхийн хүн амын өдөр болгон тунхагласнаас хойш гишүүн орнууд уг өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ жил Дэлхийн хүн амын өдрийг дэлхий нийтээр “Гэр бүл төлөвлөлт, иргэдээ чадавхижуулж, улс үндэстнээ хөгжүүлцгээе” сэдвээр тэмдэглэж байна. Өнөөдөр НҮБ-ын Хүн амын сан, УИХ, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 оны Дэлхийн хүн амны өдрийг тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулав. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл, Эрүүл мэндийн сайд A. Цогцэцэг, Үндэсний статистикийн хорооны дарга А.Aриунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцлоо.
30 жилийн хугацаанд 1 сая хүнээ үр хөндөлтөөр алдсан
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Жилд 70-75 мянгаар хүн ам өсч байгаа хэдий ч үр хөндөлтийн асуудал явагдаж байдаг. Тухайлбал 2016 онд 18 мянга 316 үр хөндөлт бүртгэгдсэн байна. Энэ нь гэр бүл төлөвлөлтийн мэдлэг, чадамж, жирэмслэлтээс сэргийлэх эмийн зөв хэрэглээ зэргээс уялдаа холбоотойгоор өөрөөр хэлбэл хүсээгүй учраас үр хөндөлт явагдаж байгаа юм. Үр хөндөлтийг өсгөхгүйн тулд гэр бүлээ зөв төлөвлөх нь зүйтэй байгаа юм. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэгт бид анхаарлаа хандуулах ёстой” хэмээв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Өнөөдөр эмэгтэйчүүдийн дунд газар авсан. Бид сүүлийн 30 жилийн хугацаанд 1 сая хүнээ үр хөндөлтийн улмаас алдсан. Өнөөдөр 10 эмэгтэй тутмын 7 нь үр хөндүүлж байна. Эмэгтэй хүн дахин жирэмслэхгүй байх сөрөг үр дагаврыг дагуулдаг. Иймд зөв гэр бүл төлөвлөлт маш чухал байгаа юм. Гэр бүлээ зөв төлөвлөж чадвал жирэмслэлт бүр хүссэн, төрөлт болгон эсэн мэнд байх боломж бүрдэх юм” гэв.
Монгол улс өнгөрсөн хорин жилд эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад ахиц гаргасан хэдий ч үр хөндөлтийн хувь хэмжээ тогтмол өндөр байж, 2016 оны сүүлээр 1,000 амьд төрөлт тутамд 234 болсон байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүүгийн тархалт 2007 онд 1.7 хувь байснаа 2014 онд 5.1 хувь болон өсчээ. Иймд эмэгтэйчүүд, хосуудыг гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ, мэдээллээр хангах нь чухал ач холбогдолтой” болохыг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцолж, “Хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо хувь хүмүүс чөлөөтэй шийдэх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх юм. Эмэгтэйчүүд хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ төлөвлөдөг болсоноор сургуулиа төгсөж, амьжиргаагаа сайжруулан, орлогоо өсгөж, улсынхаа эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг болох нь нотлогдсон” гэв.
Монгол Улсын хүн ам 2031 онд дөрвөн саяд хүрнэ
Монгол Улсын хүн ам 1962 онд нэг сая, 1988 онд хоёр сая болсон бол 2015 онд гурван саяын босгыг өнгөрч, өнөөдөр 3,120,000 хүрээд байна. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүнд суурилан тооцсон хүн амын хэтийн шинэчилсэн тооцоогоор Монгол Улсын хүн ам 2020 онд 3,360,000 болох бол 2031 онд дөрвөн сая хүрэхээр байгаа аж.
Монгол Улс эх хүүхдийн эндэгдэл бууруулахад ахиц гаргасан ч гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээг хангах явдал 2003-2013 оны хооронд 94 хувиас 77 болж буурчээ. Иймээс эмэгтэйчүүд, хосуудыг гэр бүл төлөвлөлтийн мэдээллээр хангах нь чухал ач холбогдолтойг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлов.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ