Лин Ринбүчи: Монголчуудын зол заяаг бахдаж байна

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын их ёнзон багш Лин Ринбүчи Монголд номын айлчлал хийж байна.
Ёнзон багш Лин Ринбүчи Данзан Лүндог Пэрэнлэйчодов хувилгаан бээр өмнөд Энэтхэг дэх Брэйвүн хийдийн Шашны их сургууль Лосали дацанд буддын гүн ухаанд суралцаж байгаа бөгөөд Дээрхийн гэгээн XIV Далай ламын итгэл найдварыг хүлээсэн Энэтхэг дэх Буддын шашны ирээдүй болсон эрдэмтэй залуу лам аж.
Ёнзон багш Лин Ринбүчи Монгол Улсад анх удаа айлчилж буй бөгөөд “Өнөөдөр Төвд орон тусгаар тогтнолоо алдсан хэдий ч бурханы шашин гэсэн ариун сайхан зүйлээ хадгалж байгаа. Харин Монгол орон шашингүй үзэлтэй нийгмийг туулсан боловчиг энэ бүхнийг даван туулж, ард нь гарсан ард түмэн. Өнөөдөр шашин шүтэх эрх чөлөөтэй, хүн бүр эрх чөлөөтэй, тусгаар тогтносон байдлыг хараад өөрийн эрхгүй би монголчуудын зол заяаг бахдан, баярлаж байна. Надад Монгол оронд морилох хэрэгтэй, шашин номын тусыг сүсэгтэн олонд хүргэх хэрэгтэй гэж олон нэр хүндтэй, эрдэмтэй лам нар санал болгож байсан. Энэ жил хүсэл маань биелж Монгол оронд ирж бурхан шашны сүсэгтэн олонтой уулзана. Мөн бурханы шашныг таниулан дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж буйдаа баяртай байна” хэмээв.
Тэрбээр өнөөдөр /2017.07.20/ Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд морилно. Харин энэ сарын 23-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд “Мөрийн гурван эрхэм” ном айлдах бол энэ сарын 31-нд “Корпорейт конвэйншн” төвийн концертын танхимд Аюуш бурханы Насны авшиг хайрлана. Мөн ирэх сарын 03-нд Гандантэгчинлэн хийдэд номын айлдвартай аж.
Ёнзон багш Лин Ринбүчи Монгол Улсад айлчлах явцдаа сүсэгтэн олонд зориулан үнэ төлбөргүй ном айлдах юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ