Бакула Ринбүчигийн хойд дүрийг арслант ширээнд заллаа

Бурхан багшийн 16 Найдан /Батад агч, мон/- гийн нэг Бакула Найдангийн XIX дүр, олноо "Элчин багш" хэмээн алдаршсан Бакула ринбүчи 1989 онд онц бөгөөд бүрэн эрхэт Энэтхэгийн элчин сайдаар Монгол орноо морилон ирж байсан. Тэрбээр ардчилсан хувьсгал дөнгөж эхэлж байхад 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирж байлаа. Монголчууд шашин шүтэх эрх чөлөө сэргэж байх тэр үед бурханы шашныг дэг ёсоор нь дахин сэргээхэд гэгээнтний оруулсан хувь нэмэр асар их билээ.
Бакула Ринбүчи багштан 2003 онд жанч хальсан. Түүний хойд дүр тодорсон төдийгүй Данзан Агваан Жигмид Ванчиг гэх 12 настай хүү юм. Түүнийг өнөөдөр /2017.07.27/ билэгт сайн өдөр арслант ширээнд нь заллаа.
Бакула Ринбүчигийн хойд дүр Агваан Жигмид Ванчиг нь монголд энэ сарын 21-нд анх удаа морилон саатсан. Тэрбээр ирсэн даруйдаа Гандантэгчэглин хийдэд зочилсон. Тэрбээр монголд ирсэн сэтгэгдлээ “Монголд ирэхэд сайхан санагдаж байна. Учир нь монголын ард түмэн бурханы номонд ихэд сүсэгтэй юм. Мөн уул ус нь ч манай нутагтай төстэй санагдаж байгаа учраас сэтгэлд ихэд дотно мэдрэмж төрлөө” хэмээн ярьжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ