Хичээсэн хүн амжилтад хүрдэг

Скаутын Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори буюу майхант зуслан Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт үргэлжилж байна.
Тус Жемборид 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй скаут, сайн дурын удирдагч нараас бүрдсэн нийт 7500 хүүхэд, залуучууд оролцож байгаа юм.
Уг арга хэмжээнд оролцогчдод хандан Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар илгээлт явуулсан. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтдээ, "Скаутын байгууллагаар дамжсан хүүхэд- бие даасан, хүнлэг энэрэнгүй, хариуцлагатай, зорилго тэмүүлэлтэй бие хүн болж төлөвшдөг. Энэ нь скаутын хөгжлийн хөтөлбөр, зорилготой холбоотой юм.
Хичээсэн хүн амжилтад хүрдэг. Хүүхэд, залуучууд Та бүхнийг бие биеэсээ ихийг сурч мэдэж, өсөж хөгжинө гэдэгт итгэж байна. Хүүхдийн буян заяа оршсон энэ дагшин газар Та бүхэнд ээл ивээлээ хайрлах болтугай" гэсэн байв.
Энэ удаагийн Ази Номхон далайн скаутын Жембори нь “НҮҮДЭЛЧДИЙН ЗҮГ” уриатайгаар болж байна.
Ази, Номхон далайн бүсийн скаутын 31 дүгээр Жембори наймдугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ