Илүү их амжилтын төлөө зүтгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардууллаа.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөөрэй
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:
-Их түүхт Монгол төрийн хоймор, Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, Есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс монгол зон олон Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье.
Модун сайн хааны үүсгэн байгуулсан Монголын Тулгар төрийн 2226 жил, Их эзэн Чингис хааны үндэслэн бадрааж, засан тохинуулсан Их Монгол Улсын 811 жил, Алтан ургийн дээдэс, Богд гэгээн оройлон манлайлж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Бодоо, Данзан нарын хичээнгүйлэн зүтгэсэн Ардын хувьсгалын 96 жилийн түүхэн ой саяхан болж өндөрлөлөө.
Их түүх, эх соёл, монгол бахархлыг бадраасан Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын спортын түүхэнд алтан үсгээр бичих агуу амжилт гаргаж, зон олныхоо золбоо хийморийг өргөж яваа домогт бөх Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж байна.
С.Батцэцэг бол Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, эр зориг, тэвчээр хатуужил, яс чанарыг дэлхийд гайхуулсан шилдэг тамирчин. Унаган авьяас, мэдрэмжийг хөдөлмөр зүтгэлээр чимэхээр ийм их амжилтад хүрч болдгийг тэр харуулсан.
Зуны олимпийн наадмын хүрэл медальт, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг, түүний эрдэмт багш нар, гэр бүл, цаг мөч бүхэнд дэмждэг Монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Улам хичээж, эх орныхоо сайн нэрийг өндөр өргөөрэй хэмээлээ.
Багш нартаа баярлалаа
Ерөнхийлөгчөөс төрийн дээд одон медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн сэтгэгдлийг сонссон юм.
-Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд баяр хүргэе? Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, төрийн дээд одон медаль хүртсэндээ баяртай байна. Намайг анх чөлөөт бөхөд алхаж оруулсан багш нартаа маш их баярлалаа. Сэтгэл зорилго нэгтэйгээр илүү их амжилтын төлөө багш нартайгаа хамтдаа зүтгэж байна.
-Анх Хөдөлмөрийн баатар цол олгох зарлигийг хүлээж хэрхэн хүлээж авсан бэ?
-Би Европт эмчилгээтэй байсан. Даваа гаригт утсаа нээгээд хартал маш их дуудлага ирсэн байлаа. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан, Монголд яаралтай ирэх хэрэгтэй гэсэн байлаа.
-Хамгийн ойрын зорилго юу байна вэ?
-Манай багийнхан Дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлдээ гарсан. Би эмчилгээтэй байгаа учир түр хугацаанд бэлтгэлд хамрагдаагүй байгаа. Хамгийн ойрын зорилго маань 2018 оны тэмцээнүүдэд бэлтгэх.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ