Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр элчингээс чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн гэх мэдээлэл түглээ. Гэхдээ энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Түүнийг эгүүлэн татах тухай шинэ Ерөнхийлөгчийн саналаас үүдэж, С.Баяр элчингийн албан үүргээс татгалзаж буй бололтой.
Төрийн өндөр албан ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан түүний анхны тохиолдол энэ биш. 2009 онд Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүслээр татгалзаж байсан удаатай. Эрүүл мэндийн шалтгааны улмаас хэмээн Ерөнхий сайдын суудлыг өгчихөөд Төрийн ордноос гарч одсон. Энэ удаа ч Элчин сайдын албыг өгөхдөө тулбал тэр түвдэхгүй.
Түвэггүй хэмээсний учир нь түүнд албан тушаал, сандал ширээтэй зууралдах муйхар бодол байдаггүйг хэлсэн хэрэг. Товчхондоо цаг нь ирсэн ч, ирээгүй ч хааны алба халаатайг тэр сайн мэддэг. Түүнийг муулагсад олон ч түүнээс суралцах чухал чанарын нэг нь энэ.
Сандал ширээ, албан тушаал бүхэнд нөлөөлж, шийддэг болсон цаг нь өнөө үе. Тиймдээ ч албан тушаалд шунаж, ширээ сандалтай зууралдагчид олон. Ямар нэг албан тушаалд очсон л бол буухыг хүсэхгүй, тамга тэмдгээ авч зугтаана, өрөөгөө цоожлоод хэдэн өдөр хоногоор алга болно, үймээн дэгдээнэ гэхчлэнгээр муйхарлагчид цөөнгүй. Тэд С.Баярыг харж, түүнээс суралцах хэрэгтэй. Албан тушаалд очсон шигээ тэр сандал ширээнээс бууж чаддаг байх ёстойг С.Баяр харуулдаг. Түүнээс үлгэр дууриал авах хэрэгтэй. Түүний сандал ширээтэй зууралддаггүй зангараг өдгөө албан тушаал хашиж буй олон олон эрхмийн суралцах хувийн чанар болоод улс төрийн соёл.
В.Бат