Ерөнхий сайд хуулийн байгууллагад нөлөөлсөн үү

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан, мөрдсөн гэх асуудал улс төрийн хүрээний шуугиант мэдээ болоод байна. Энэ асуудлаар өнөөдөр Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн гэх энэ асуудлыг хуулийн байгууллага шалгахгүй, дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас мэргэжлийн хуульчидтай хамтран ажиллахаар болсноо хэвлэлийн хурлын эхэнд онцлов. Шадар сайдын хуульчаар өмгөөлөгч Ц.Баасандорж ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан болон ТЕГ, АТГ-д эл асуудлаар ханджээ. Мөн тэрбээр хуульд заасан хугацаанд ажиллахгүй байгаа хуулийн байгууллагуудад Засгийн газар болон төрийн өндөр албан тушаалтан нөлөөлсөн байж болзошгүй хэмээн хардаж буйгаа хэлэв.
Хуульч Ц.Баасандорж:
2017 оны 5 дугаар сараас нэр бүхий зургаан иргэн, гэрээт харуул хамгаалалтын клмпани зохион байгуулалттайгаар Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдөж, мөшгөсөн. Энэ тухай 7 дугаар сард тагнуулын байгууллага болон АТГ-т хандсан. Гэвч өнөөдрийг хүртэл уг байгууллагууд ажилласангүй.
Шадар сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагааг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа.
-
Төрийн эрхийг хууль бусаар авах, саатуулах
-
Төрийн өндөр албан тушаалтны амь, биед халдах
-
Эктремист үйл ажиллагаа явуулах
-
Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих
-
Хууль бусаар мөрдөж мөшгих гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байна.
Үүний дөрөв нь төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхад тухайн этгээдүүд нь ямар ч хариуцлага хүлээгээгүй, хэрэг бүртгэл нээгээгээгүй, шалгаагүй байна. Тагнуулын байгууллага болон АТГ тав хоногийн дотор хэрэг бүртгэл нээх ёстой. Мөн тав хоногийн дотор эргэн мэдэгдэж, нэг сарын дотор шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдэх хуулийн заалттай. Гэтэл тагнуул, цагдаагийн байгууллага, АТГ өнөөдрийг хүртэл ажиллахгүй байна. Энэ байгууллагуудын удирдлагыг Засгийн газар томилдог. Тиймээс энэ байгууллагуудад Засгийн газраас нөлөөлсөн гэж хардаж байна.
Мөн бид энэ хэргийн гэрч Ч.Батболдыг амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байгаа.
Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр:
Засгийн газрын гишүүний биед халдах, тагнаж чагнах үйл ажиллагаа явуулахад хамгийн түрүүнд Засгийн газар анхаарлаа хандуулах ёстой. Гэтэл сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад Засгийн газар нэг ч удаа энэ талаар ярьсангүй. Саяхан энэ асуудалтай холбоотойгоор хариу арга хэмжээ авч, цагдаад шалгуулах хүсэлт гаргаж байна. 07.03-ны өдөр У.Хүрэлсүх сайд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт энэ тухай мэдэгдсэн.
“Ц.Нямдоржийн дэмжигчдийн хуудас” гэсэн нэртэй пэйж хуудсанд Хүрэлсүх сайд болон Нямдорж нарын зургийг эвлүүлж, удаа дараа доромжилдог. Энэ бүхнийг бид архивлаж авсан. Батболд гэгчийг Хүрэлсүх хөлсөлж авсан гэх мэдээллийг өчигдрөөс Zaluu.com сайт явуулж эхэлсэн. Энэ сайтын эзэн нь бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ