ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Туркийн дэд сайдтай уулзлаа

img

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Бүгд Найрамдах Турк Улсын Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа болон хамтран ажиллах ямар шинэ орон зай байгаа зэрэг асуудлаар санал солилцлоо.

 

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол-Турк хоёр улсын хамтын ажиллагаа ялангуяа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарах шаардлага зүй ёсоор гарч байна. Худалдааны эргэлтийг 250 сая ам.долларт хүргэх зорилт байгаа. Хоёр улсын ХАҮТ, бизнесийн танилцах уулзалт, форум зохион байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн.

 

Турк улс арьс, нэхий шир боловсруулалтаараа дэлхийд өндөр түвшинд ордог. Монгол Улс арьс шир, түүхий эд элбэгтэй. Энэ тал дээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой. Мөн Монгол Туркийн хамтын ажиллагаанд хөдөө аж ахуй, зам тээвэр, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэр, хөрөнгө оруулалт гэсэн голлох 5 салбар байгаа гэж харж байна” гэлээ.

 

БНТУ-ын Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи “Бид Монгол Улсын гааль, худалдааны байгууллагатай хамтарч ажиллах, үйл ажиллагааг нь төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн хүрээнд гар урлал зэрэг салбарт хамтран ажиллах боломж бий” гэлээ.

 

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хурал ойрын хугацаанд болох товтой байгаа. Энэ хурлаар өнөөдрийн ярилцсан асуудлуудыг хэлэлцэж, ажил хэрэг болгох боломжтойг талууд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-08-14
Зочин:
Энэ залуу гадаад мэддэггүй л байх аа даа. яаж хэл нэвтэрдэг юм бол. Зүгээр л инээгээд өнгөрдөг юм болов уу
2017-08-14