Хувийн сургуулийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой

УИХ дахь АН-ын бүлгээс БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт тодорхой асуудлаар чиглэл өгчээ. Ингэхдээ их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй байх шийдвэртээ хатуу зогсохыг сануулсан байна. Мөн хувийн сургуулиудын сургалтын төлбөрийг хуулиар зохицуулах асуудлыг судалж, хуулийн төсөл оруулж ирэх чиглэлийг өгсөн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хувийн сургуулийн төлбөр хяналтаас гарлаа. 40-50 сая төгрөгийн үнэтэй хувийн сургуулиуд ажиллаж байна. Энэ бол буруу. Дэлхийн өөр аль ч улсад ийм үнэтэй хувийн сургууль байхгүй. Баян АНУ, Японд ч байхгүй. Боловсролыг мөлжлөгийн салбар болгож хувиргасан энэ явдлыг АН-ын бүлэг буруутгаж байна.
Хувийн сургуулийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой гэсэн байр суурийг АН-ын бүлэг гаргаж байна. Энэ чиглэлийн хуулийг оруулж ирэхийг салбарын сайдад хүргүүлсэн. Эцэг эхчүүд 40 сая төгрөгөөр хүүхдээ хувийн сургуульд дуртайдаа явуулж байгаа юм биш. Аргагүйн эрхэнд явуулж байгаа юм. Боловсролын салбарын энэ мөлжлөгийн тогтолцоо олон зуун айлыг эдийн засгийн хүнд байдалд оруулж байна. Үүнийг зогсоох цаг болсон. УИХ, Засгийн газар хяналтандаа авах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ