А.Ганбаатар: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар ч буруутай
МАН-ын 60 тэрбумын бичлэгийг тойрсон үйл явдал ид өрнөж байна. МАН-ын удирдлагууд 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж гүрийж, холбогдогч нарт нь хариуцлага тооцохгүй өнөөдрийг хүрсэн. Гэвч гишүүд нь МАН-ын удирдлага болоод бичлэгийн эздийг ёсзүйтэй, хариуцлагатай байхыг шаардаж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцрохыг шаардаад буй.
Тэгвэл дөнгөж сая 60 тэрбумын санхүүгийн схемийг хийсэн гэх А.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр тухайн үед санхүүгийн схем хийгдсэн, өөрөө тэнд байсан гэдгийг батлав. Харин оролцсон хүмүүс болон тэдний яриаг таслан эвлүүлсэн гэсэн тайлбарыг өгч байна.
А.Ганбаатар “Би жил гаруйн хугацаанд хууль, хяналтын байгууллагуудад тайлбар, мэдүүлэг өгөөд явж байна. 2016 оны сонгуулиар хоёр минутын бичлэг цацаж байсан. 2017 оны сонгуулиар 90 минут болсон, 2020 онд 900 минут болох нь.
Намын санхүүгийн схемийг Г.Доржзодов өөрөө хийсэн. Үүнийгээ бидэнд санал болгож, бид танилцаж байсан. Гэтэл одоо өөрийнхөө хийсэн зүйлийг биднийг хийсэн болгож байна. Бас бидний олон удаагийн уулзалтын яриаг нийлүүлж, эвлүүлээд 90 минутын бичлэг болгоод цацаж байна.
Ийм уулзалт болсон уу гэвэл болсон. Миний өөрийн Шинэ Монгол Хаад группын дөрөвдүгээр давхарт энэ уулзалт болсон. Энэ уулзалтаар Г.Доржзодовын хийсэн төлөвлөгөөг нийслэлийн намын хорооны үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах талаар ярилцсан. Бас сонгуульд хэрхэн бэлдэх талаар ярьсан. Уулзалтад Г.Доржзодовын хэлээд байгаа тэр хүмүүс байгаагүй. Харин байсан хүмүүсийг гаргадаггүй, хэлдэггүй нь надад их сонин байна. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов, А.Ганбаатар гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хурал болсон. Гэтэл энэ У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар яагаад төрийн албыг зарж, борлуулах асуудал яригдаагүй гэдгийг ярихгүй байгааг ойлгохгүй байна. Г.Доржзодовын хийсэн схемийг үзэж, сонссон нь бурууддаг юм бол тэнд байсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ч буруутай” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр “Би төрийн албанд нэг ч цаг ажиллаж үзээгүй. 20 гаруй жил бизнесийн байгууллагад ажиллаж байна. Би итгэл үнэмшлээрээ энэ намд орсон” гэв.
А.Ганбаатар нь нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөхөөр ажилладаг аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ