Н.Наранбаатар ”Өндөр гэгээн”-ийг тайзнаа амилуулна

Ертөнцийн буурал түүхэнд, нүүдэлчин ард түмний оюун билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээсэн монгол мэргэд, хаад жанжид, алдар суутан цөөнгүй билээ. Тэдний нэг нь 17 дугаар зууны сүүлийн хагас 18 дугаар зууны эхэн үед амьдарсан Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ.
Уг түүхэн хүний амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн Яруу найрагч, Зохиолч Ц.Бавуудоржийн зохиол “Өндөр гэгээн” түүхэн жүжгийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгохоор ажиллаж байна. Тус жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар УДЭТ-н ерөнхий зураач СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Б.Сэр-Од нар баг болон ажиллаж жүжгийн бэлтгэл ажилд ханцуй шамлан оржээ.
Өндөр гэгээн Занабазар их богд эзэн Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны 7 дахь үе Түшээт хан Гомбодоржийнд 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 дүгээр сарын 25-нд тэр үеийн Түшээт ханы нутаг Есөнзүйл гэдэг газар /одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум/ мэндэлжээ. Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд 5 настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулан анхдугаар богд, Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ