Ч.Эрдэнэчимэг: Иргэний үнэмлэхээ гээсэн бол 30 мянган төгрөгөөр торгоно

Зөрчлийн тухай хуульд Улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой ямар заалт тусгасан талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын дарга Ч.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Сүүлийн үед цахим орчинд ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд 250.000 төгрөг, Төрсний гэрчилгээ хаявал 80.000 төгрөг, Жолооны үнэмлэхээ гээвэл 300.000 төгрөгөөр торгоно гэсэн мэдээлэл иргэдэд хүрч, багагүй шүүмжлэл дагуулсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу ?
-Энэхүү мэдээлэл худлаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Зөрчлийн тухай хуульд ямар ч ийм заалт байхгүй. Уг ташаа мэдээллийг нийтэлсэн вэб сайтуудыг шалгаж байгаа. Цаашид ор үндэслэлгүй худлаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсч байна. Мөн иргэд ямар ч эх сурвалжгүй буруу ташаа мэдээлэлд автахгүй байх хэрэгтэй.
-Зөрчлийн тухай хуульд улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой ямар заалт тусгасан бэ ?
-Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн бол дараах торгуулийг оногдуулахаар заасан. Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг 20 мянган төгрөг, иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг 25 мянган төгрөг, хуулийн этгээдийг 250 мянган төгрөгөөр торгоно. Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол 30 мянган төгрөг, хуулийн этгээдийг 300 мянган төгрөгөөр торгоно.
-Иргэний үнэмлэхээ хаясан тохиолдолд тодорхой хэмжээний торгууль төлдөг. Одоо торгуулийн хэмжээ хэдэн төгрөг байгаа вэ ?
-Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ хаяж, үрэгдүүлсэн иргэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын салбар нэгжид хандаж дахин авна. Энэ тохиолдолд иргэний үнэмлэхийн үнэ 15000, тэмдэгтийн хураамж 3300 төгрөг төлж, төрсний гэрчилгээ дахин авахад гэрчилгээний үнэ 5000 төгрөгийн хураамж төлнө. Иргэний үнэмлэх дахин авахад ажлын тав хоногт хэвлэнэ. Харин төрсний гэрчилгээ дахин авах хүсэлтийг хүлээн авмагц бичиж олгоно. "Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм"-ийн 2.10.3-т "Монгол Улсын иргэний үнэмлэхийг алдаж үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар нэгжид" мэдэгдэх гэж заасныг үндэслэн 30 мянган төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ