Газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулахаар боллоо

Нийслэлийн газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулах талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Энэхүү аян ирэх сарын 4-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд үргэлжлэх юм. Нийслэлийн газрын албанаас өмчлөгдөх боломжтой хэмээн үзэж буй 79985 нэгж талбар байна гэсэн судалгааг гаргаад байгаа бөгөөд үүнээс 3442 нэгж талбарыг аяны хүрээнд өмчлүүлэхээр төлөвлөөд байна.
Нэгж талбарын эзэмшигч хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм.
Ингэснээр тухайн газарт олон жил амьдарсан ч өмчлөж аваагүй байгаа иргэд газраа өмчлөн авах боломжтой.
Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүрэгт 9 хорооны 366, Хан-Уул дүүрэгт 2 хорооны 13, Баянзүрх дүүрэгт 15 хорооны 2251, Баянгол дүүрэгт 7 хорооны 269, Чингэлтэй дүүрэгт 6 хорооны 209, Сүхбаатар дүүрэгт 4 хорооны 334 нэгж талбар багтжээ.
Цаашид үлдсэн 76543 нэгж талбарыг өмчлөлд хамруулах ажлыг дүүргийн газрын албатай хамтран ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Мөн газрын зөрчилтэй нэгж талбарын судалгааг дэлгэрэнгүй байдлаар ангилан гаргаж газрын зөрчил арилгах ажлыг зохион байгуулах, зуслагийн 26 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, орц гарц шийдвэрлэх зөрчил арилгах ажлыг иргэдтэй зөвшилцөх хэлбэрээр шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Б.Энхсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ